Монгол Улсын төрд бүх шатаар дамжиж жилдээ давхардсан тоогоор 1.1 сая орчим гомдол санал хүсэлт ирдэг

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.

Тэрбээр “2022 оны сүүлийн ажлын өдрийн мэндийг хүргэе. Ерөнхий сайдын зүгээс төрийн захиргааны байгууллагын түвшинд хариуцлагын тогтолцоог бодитой болгох хариуцдаг эзэнтэй байлгах чиглэлд тодорхой үүрэг чиглэл өгөгдсөн.

Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлдэг газар байгуулагдаж, нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхлэхээр болсон. Үндсэн үйл ажиллагааны 70 хувь нь урьдчилсан тандалт судалгаа хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, иргэн төрийн хооронд үүсдэг асуудлуудын учир шалтгааныг судалгаа шинжилгээний орчинд тодорхойлох юм. Энэ ажлын бодит үр дүн богино хугацаанд гарна гэдэгт Засгийн газар эргэлзэхгүй байгаа.

Монгол Улсын төрд бүх шатаар дамжиж жилдээ давхардсан тоогоор 1.1 сая орчим гомдол санал хүсэлт ирдэг. Эдгээрийг өнөөдрийг байдлаар шийдвэрлэхдээ хариулт өгсөн өгөөгүй гэдэг байдлаар дүгнэж явж ирсэн бол цаашид ард иргэдийнхээ гаргасан санал хүсэлтэд өгсөн хариуны чанарын үзүүлэлтийг харгалзан үздэг болно. Мөн байгууллагуудын үр дүнд бодит үнэлэлт дүгнэлт өгдөг болно.

Монголын Хөрөнгийн Биржийн 34 хувийг олон нийтийн хяналтад шилжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн ба амжилттай явагдаж байна. Иргэд, зарим ААН-үүдийн зүгээс тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Хөрөнгийн бирж 30 гаруй жилийн дараа либералчлах үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж чадлаа. Монголын Хөрөнгийн Биржийн үйл ажиллагаа цаашид идэвхтэй явж чадсанаар Монголын төрийн өмчүүдийг олон нийтийн хяналтад аваачих үйл ажиллагаа ганц төрийн зохион байгуулалтаар бус олон нийтийн хяналтад шилжсэн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаагаар зохион байгуулагдахаар болж байгааг хэлье” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *