Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн онцлох заалтууд

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг 2022 оны долоодугаар сарын 6-нд баталж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж буй. Энэ хуулийн зарим онцлох заалтын талаар мэдээлэл хүргэе.

Уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно

5.4.Уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагч олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.

Харин уламжлалт технологиор үйлдвэрлэснээс бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг татварын байгууллагын санал, холбогдох улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн 5.2-т заасан журмын дагуу хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно хэмээн 5.3-д тусгажээ.

Тусгай зөвшөөрлийн хугацаа 10 жил байна

8.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тухай бүр сунгаж болно. Тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлт, материалыг цахимаар шийдвэрлэж болно.

Хэрвээ татварын өртэй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй талаар 8.5-д суулгажээ.

18-аас дээш хувийн хатуулагтай согтууруулах ундааг 0.33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно

12.6.Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0.33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.

Жич. Уг хуулийн 40.2-д “Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.6 дахь хэсгийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээжээ.

Нийтийн зориулалттай орон сууцны байшинд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглоно

13.1.Дараах газарт согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглоно.

13.1.5.нийтийн зориулалттай орон сууцны байшин, түүний орц, хонгил, өргөтгөл, суурийн давхар;

Мөн үүнээс гадна төрийн байгууллагын эзэмшлийн болон үйл ажиллагаа явуулж байгаа албан байр, барилга байгууламж, газар, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар, соёл, урлагийн газар, тэдгээрийн эзэмшил, ашиглалтад байгаа бүх төрлийн барилга байгууламж, спортын бэлтгэл, сургуулилалт, уралдаан, тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий бүх төрлийн барилга байгууламж, оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байр, галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудалд согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхийг хориглож буй юм.

Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний үеэр 18 хүртэлх хувийн хатуулагтай согтууруулах ундаагаар үйлчилж болно

16.3.Энэ хуулийн 16.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.

16.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:

16.2.1. 11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;

16.2.2. 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх.

Сонгуулийн үеэр гурав хоног архи худалдаалахгүй

22 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөр

22.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.

22.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 22.1-д зааснаас гадна гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэр гаргаж болно.

Тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно

23.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно.

23.2.Энэ хуулийн 23.1 дэх хэсэг татваргүй барааны дэлгүүрийн горимд хамаарахгүй

Үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ

24.3.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ.

24.5.Согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулна.

Бусдад үйлчлэх ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна

25.1.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна.

25.2.Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт нь хууль тогтоомжийг таниулах, үйлчлүүлэгчийн насыг тогтоох, үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээний арга барилыг төлөвшүүлэх зорилготой байна.

Үйлчлүүлэгч баримт бичиггүй, эсхүл баримт бичгээ шалгуулахаас татгалзсан тохиолдолд түүнд үйлчлэхгүй байж болно

26.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ажилтан нь үйлчлүүлэгчийн баримт бичгийг шалгах эрхтэй.

26.2.Үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн баримт бичгийг биечлэн болон техник технологи ашиглан заавал шалгана.

26.3.Энэ хуулийн 26.1-д заасан ажилтан үйлчлүүлэгч баримт бичиггүй, эсхүл баримт бичгээ шалгуулахаас татгалзсан тохиолдолд түүнд согтууруулах ундаа худалдахгүй, эсхүл түүгээр үйлчлэхгүй.

26.4.Үйлчлүүлэгч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх үйлдэл гаргасан тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан түүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхээс татгалзах эрхтэй.

26.5.Энэ хуулийн 26.1-д заасан баримт бичигт иргэний үнэмлэх, гадаад паспорт болон жолоочийн үнэмлэх хамаарах бөгөөд үйлчлүүлэгч цахим систем ашиглан насанд хүрсэн эсэхээ нотолж болно.

Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно

28.1.Дараах хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

28.1.1.тээврийн хэрэгсэл жолоодож байгаа;

28.1.2.21 нас хүрээгүй;

28.1.3.жирэмсэн

28.2.Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно.

Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулахыг хориглоно

29.1.Согтууруулах ундаатай холбоотой дараах үйл ажиллагааг хориглоно:

29.1.5.согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам, хонжворт сугалаа зохион байгуулах;

Мөн Төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг 29.2 дахь заалтаар хоригложээ.

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана

33 дугаар зүйл.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан

33.1.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан /цаашид “сан” гэх/-гийн хөрөнгөөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 213.1-д заасан дараах үйл ажиллагааг санхүүжүүлнэ:

33.1.1.архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд таниулан сурталчлах;

33.1.2.согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын төлбөрийн 50 хувийг;

33.1.3.согтуурах, мансуурах донтой болон дэлгэцэд донтох өвчний хор уршигтай тэмцэхэд чиглэсэн зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг хүн амд хүргэх;

33.1.4.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж бусад тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

33.1.5.архидан согтуурахтай тэмцэх, согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг бусад үйл ажиллагааг.

33.2.Сан нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах бөгөөд сангийн ажлын алба хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.

33.3.Сан нь Удирдах зөвлөлтэй байх бөгөөд уг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн байгууллагын болон олон нийтийн төлөөллийг тэнцүү тоогоор оролцуулна.

33.4.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 25.5-д заасан хяналтын хороо хяналт тавих бөгөөд уг хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төлөөлөл нь гуравны хоёроос доошгүй байна.

33.5.Энэ хуулийн 33.4-т заасан олон нийтийн төлөөлөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг төлөөлөх ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна.

33.6.Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

Согтууруулах ундааны талаарх мэдээллийг төлбөртэй авч болно

36.1.Төрийн эрх бүхий байгууллага согтууруулах ундаа хууль бусаар үйлдвэрлэсэн, гаалийн хилээр нэвтрүүлсэн, борлуулсан зөрчлийн талаарх мэдээллийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу төлбөртэй авч болно.

Засгийн газар тусгай зөвшөөрлийн тоог 2023 оны долоодугаар сарын 1-ний дотор батална

40.4.Засгийн газар энэ хуулийн 5.1-д заасан тусгай зөвшөөрлийн тоог 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор батална.

40.6.Энэ хуулийн 15.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоог батлах хүртэл хугацаанд шинээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.

/15.7.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, эрүүл мэнд, соёл, спортын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байрны байршил, аймаг, нийслэлийн саналыг харгалзан хүнс, эрүүл мэнд болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран тогтооно/

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *