Монголын Либерал Нам нэрээ өөрчилж, Ардчилсан Монгол Ялна Нам болгосноо бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхээс буцаав

Ардчилсан Нам(АН) болон Монголын Үндэсний Ардчилсан Нам(МҮАН) нэгдэж байгаагаа 2022 оны арванхоёрдугаар сарын 24-нд зарласан.

Хоёр нам нэгдсэн тул МҮАН-ыг улсын бүртгэлээс хасуулах хүсэлтийг тус намын дарга Б.Цогтгэрэл гаргажээ. Үүнийг Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэж, “Шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр ирүүлсэн хүсэлт болон холбогдох баримтыг буцаахаар шийдвэрлэжээ.

Учир нь хүсэлт гаргагчийн хавсаргасан баримтад Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 болон тус намын дүрмийн 7.3.1, 8.3.2, 8.4.1, 8.5-д заасны дагуу нам тарах буюу өөр намтай нэгдэх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох 150-200 төлөөлөгч бүхий МҮАН-ын Их Хурал дүрэмд заасны дагуу хуралдсан эсэх, тухайлбал хурлын төлөөлөгчид зохих журмын дагуу сонгогдсон, хурлын ирц хүрсэн, гарсан шийдвэр нь хүчинтэй эсэхийг нотолсон хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримт байхгүй, мөн татвар төлөгчийн хасалтын карт дутуу гэж үзжээ.

Түүнчлэн Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

  • Монголын Либерал Намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх Б.Амгаланбаатараас ирүүлсэн “…Монголын Либерал Нам нэрээ өөрчилж, Ардчилсан Монгол Ялна Нам болгон өөрчилснийг бүртгүүлэх” тухай хүсэлтийг Захиргааны хэргийн танхимын хуралдаанаар хэлэлцээд өргөдөлд намын дарга гарын үсэг зураагүй, намын нэрийг өөрчлөх шийдвэр гаргасан гэх Монголын либерал намын ээлжит бус 6 дугаар Их хурлын болон хурлаас шийдвэр гарсныг нотлох зарим баримт дутуу байх тул “шаардлага хангаагүй” өргөдөл гэж үзэж, ирүүлсэн хүсэлт, холбогдох баримтыг мөн буцаахаар шийдвэрлэв.
  • Ардын Чуулган Намыг шинээр үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд “Нам үүсгэн байгуулах хурал зохион байгуулах газар, хугацааг 2 сарын өмнө төлөөлөгчид мэдэгдэх” талаарх Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, хүсэлт, ирүүлсэн баримтуудыг албан бичгээр буцаалаа.

Зон Олны Намын дарга Э.Одбаярын хүсэлтийг хэлэлцэв

Зон Олны Намын дарга Э.Одбаяраас ирүүлсэн “Намын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн цахим хуудаст тус намын электрон шуудангийн хаягуудыг алдаатай оруулсан, мөн намын дарга өөрчлөгдсөн талаар тус намын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст байршуулаагүй байгаа нь тус тус тогтоогдсон тул алдааг залруулахаар тогтов.

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *