Долоо хоногийн сүүлээр хүйтний эрч эрс чангарна
2023 оны нэгдүгээр сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
/11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна./
Хур тунадас: 10-нд Алтай, Хангай, Хэнтийн уулсаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 22 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -21…-26 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус, өдөртөө -1…+4 градус, бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.
11-нд нутгийн баруун хэсгээр, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -29…-34 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -16…-21 градус хүйтэн байна.