Улсын хэмжээнд өнгөрсөн онд 35,340 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оноос 39 хувиар өсжээ
Улсын хэмжээнд 2022 онд нийт 35,340 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноосоо 9,911-ээр буюу 39 хувь өссөн үзүүлэлт гэдгийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
2021 онд нийт 25,429 гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Тус онд хүнд гэмт хэргийн тоо 3,338 байсан бол 2022 онд 4,712 болж өссөн байна. Харин хөнгөн гэмт хэрэг улсын хэмжээнд 8,537-оор нэмэгджээ.
Дараах төрлийн гэмт хэргүүд өнгөрсөн онд өссөн байна.
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138-аар буюу 25.6 хувиар,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 88-аар буюу 6.5 дахин,
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7,861-ээр буюу 57.7 хувиар,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 138-аар буюу 25.6 хувиар,
- Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 108-аар буюу 71 хувиар өссөн.
Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 2021 онд 117 байсан бол өмнөх онд 252 болж өссөн үзүүлэлттэй гарчээ.
Харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг өмнөх онд 1,470-аар өссөн аж.
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 52.5 хувиар буурсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар өсжээ.