Амьгүй донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхий эрүүл мэндийн байгууллага болон Донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа.
Гэрээ байгуулагдсанаар амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээний хүрээнд хамтран ажиллах, тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Уг гэрээг 2019 онд анх УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ГССҮТ-тэй хамтран байгуулж тархины үхэлтэй 225 боломжит донор илрүүлэн, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж, 55 хүний амийг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлсэн байна.
2023 онд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дархан нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулжээ. Цаашид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулахаар ажиллаж байна хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.