БОАЖЯ: 2023 онд эзэнгүй нохой, муурыг цэгцэлж найман их цэвэрлэгээ хийнэ
БОАЖЯ-наас иргэд, ААН-үүдээс ирүүлсэн гомдол, саналд хариу тайлбар өгч байна. Энэ хүрээнд тус яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх:
-Монгол Улсад орчны бохирдол хэрээс хэтэрлээ. Хөрсний бохирдлын шинжилгээний дүнгээс харахад нийт дээжийн 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нянгийн бохирдол ихтэй гарсан байна. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-аас албан даалгавар гаргасан. Монгол Улсын хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ. Иймд энэ асуудлыг УОК-ын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл хангаж байна. Гандантэгчэнлин хийдэд албан даалгавар өнөөдөр хүргүүлж байна. Гаднын жуулчид гандангаар үйлчлүүлэх нь элбэг. Тиймээс ариун цэврийг сахих нь зүйтэй. Мөн түүнчлэн Соёлын яаманд соёлын өвийг угааж цэвэрлэхтэй холбоотой их цэвэрлэгээний ажил зохион байгуулах албан бичиг хүргүүлнэ. 2023 онд найман их цэвэрлэгээ хийнэ. Мөн эзэнгүй нохой, муур ихэссэн. Тэдгээрийн тоог цөөрүүлэх албан даалгавар гарсан. Мөн ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах, тэр дундаа аялал жуулчлалын гол бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээ явуулж байгаа ААН-үүдийн нүхэн жорлонг татан буулгаж, стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болгоход онцгой анхаарч ажиллаж байна.