С.Батсайхан: Улаанбаатарт хоёр минутын дотор газар хөдлөлтийн эхний таамгийг дэвшүүлж, мэдээллээ тараадаг
Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Батсайхан “Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр газар хөдлөлтийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа тухай онцолж, эрсдэл гамшгаас сэргийлэх, мөн хөрсний суулт, нуралт зэрэг хүчин зүйлийг тооцоолж барилга байгууламж барих чухлыг онцоллоо.
Тэрбээр “Одон орон, геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлийн салбар 1957 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш багажийн судалгаа явуулж, монгол оронд болж буй газар хөдлөлтийг бүртгэж байв.
1994 оноос тоон мэдээллийн шугамаар, интернэтээр мэдээллийг төв рүү өгдөг болсон. Өнөөдрийн байдлаар 70 байршилд газар хөдлөлтийн судалгааны 140 гаруй станцтай. Энэхүү станцуудаараа Монгол Улсад газар хөдлөлт болсон тохиолдолд хугацаа алдалгүй зарлаж байгаа.
Улаанбаатар хотын хувьд хоёр минутын дотор хэдэн баллын хүчтэй газар хөдөлсөн гэдэг эхний таамгийг дэвшүүлж, 10 минутын дотор нарийвчилж үзээд мэдээллээ тараадаг.
Түүнээс гадна ойр орчимд болж байгаа газар хөдлөлтийн чичирхийллийг иргэд мэдэрсэн.
Газар хөдлөлт судлаачид 5 магнитудын газар хөдлөлт хэд, хэд болсны дараа 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бий шүү гэдэг дохио өгдөг.
Монгол Улсад 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт 1991 онд болсон. Мөн 2021 онд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тэгэхээр 7 гарсан магнитудын газар хөдлөлт болох магадлал маш өндөр гэдгийг харуулж байна” хэмээн тайлбарлав.