Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Энэхүү шинжилгээний шинэ оношлуурын нээлт АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношилгооны төвд болов.
АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Манай хамт олон “COVID-19”-ийн чиглэлээр 6 судалгаа хийж байна. Эмнэлзүйн молекул оношилгооны чиглэлд анхаарч 288 сая төгрөгийн санхүүжилтээр лаборатори байгуулсан. Энэ нь био аюулгүй байдлын хоёрдугаар зэргийн лаборатори бөгөөд вирусний гаралтай бүхий л өвчнийг молекулын түвшинд оношлох юм. Стандарт шаардлагын хувьд Монголд анхны лаборатори юм.
БШУЯ-наас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргаж эрдэмтдийн судалгаагаар мэдрэг болон өвөрмөц чанар нь 100 хувьтай оношлуурыг бэлэн болгосноор шүлсэнд коронавирус тодорхойлдог аргачлалыг Монгол Улсад ийнхүү нэвтрүүлж байна. Үүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд УОК-оос 109 сая төгрөгийн санхүүжилт өгсөн. ЭМЯ-наас өчигдөр албан ёсоор зөвшөөрөл олгож, таван удаагийн шалгуурыг дамжисны эцэст өнөөдөр үйл ажиллагаа эхэлж байна” гэв.