Н.Учрал: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг шилэн болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн тухай мэдээллийг танилцуулж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал:
“Шилэн” ажиллагааны хүрээнд мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллага 68 мянган мэдээллийг ил болгохоор хуульчилсан. Shilen.gov.mn мэдээллийн нэгдсэн платформд нийтэлсэн мэдээлэлд үнэлгээ хийхэд яамдын мэдээллээ ил тод болгосон байдал нь 72.56 хувьтай бол агентлагууд 51.3 хувь, нутгийн захиргааны мэдээлэл 43.6 хувьтай үнэлэгдсэн. Зургадугаар сарын 1-ээс өмнө мэдээллээ ирүүлээгүй албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт шилжүүлнэ. Ирэх долоо хоногт Засгийн газрын тусгай сангаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг ил болгоно.
Өнгөрсөн долоо хоногт бид тусгай хамгаалалттай газрын мэдээллийг ил болгосон. Хуулийн дагуу газар аваад зориулалт дагуу ашиглаж байгаа байгууллагын хувьд хуулийн зөрчил байхгүй. Тусгай хамгааллалтай газартай холбогдуулаад яамнаас ирүүлж байгаа мэдээллийг нэмж байна. Гааль, татвартай хамтраад төлбөр төлөлт, татвар төлөлтийн системийг нэгтгэж байна. Газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан уу гэдэг нь тодорхой болно” гэлээ.