СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорнод аймгийн Халхгол суманд гарсан түймэр салхины улмаас ширүүсэж байна
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэх газар 2023 оны 04 дүгээр сарын 08-ны 11:30 минутын үед гарсан ой хээрийн түймэр Дорнод аймгийн Матад сумын нутагт орж ирсэн мэдээг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 00:00 цагт Дорнод аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Мэдээлэл, дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлгийг Матад, Халхгол сумд руу илгээсэн. Мөн Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, тус аймгийн Эрдэнэцагаан сумын гал унтраах бүлэг, Халхгол сумын Онцгой байдлын ангийн гал унтраах бүлэг Халхгол, Матад сумдын иргэдээс бүрдсэн гал унтраах бүлгүүд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнуудаас бүрдсэн нийт 260 гаруй хүн түймрийн голомтод иргэд, малчид, айл өрх, мал, эд хөрөнгийг хамгаалах, түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хариу арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа хэдий ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан салхины хурд секундэд 12-19 метр хүрч ширүүсэн, салхины чиг өөрчлөгдөж байгаагаас галын тархац их болж, хүчтэй салхины улмаас байгалийн аюултай үзэгдэлийн хэмжээнд хүрсэн тул аймгийн Онцгой комиссоос хүсэлт гаргасан ба Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадаас нисдэг тэргээр 30 аврагчийг Халхгол сум руу тээвэрлэж байна. Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын аврах, гал унтраах ангийн алба хаагчид нэмэлтээр ирж ажиллана. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж
1. Зэвсэгт хүчний 327 ангийн мэргэжлийн бүлгийн 50 албан хаагчийг тус сумдад дайчлан ажиллуулах бэлэн байдлыг хангах,
2. Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс эрүүл мэндийн бүлгийг томилж ажиллуулах,
3. Түймэр унтраахаар ажиллаж буй алба хаагч, иргэдэд хүнс, ундны усны хангамжийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг тус тус гаргав.
Өнөөдрөөс эхлэн Дорнод аймгийн нийт нутгаар салхи их төлөв баруунаас секундэд 12-19 метр хүрч ширүүснэ.
Иймд Малчид, тээвэрчид, иргэд та бүхэн болзошгүй эрсдэлийг тооцоолж, үнс нурмыг ил задгай асгахгүй байх, ил задгай тамхи татахгүй байж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.