Дотуур байртай 19 сургуулийн эмч хугацаа дууссан эмийг хадгалж, хэрэглэж байжээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2023.04.25) хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн зарим сэдвийг хэлэлцсэн юм.
Илтгэлийн “Хүүхдийн эрхийн зарим асуудал” буюу дөрөвдүгээр бүлгийг хэлэлцэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан энэ талаар Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Хүүхдийн эрхийн зарим асуудал буюу ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр дахь хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн гэдгээ танилцуулгынхаа эхэнд тэрбээр онцлов. Нийт 79 дотуур байранд хяналт шалгалтыг хийсэн бөгөөд энэ хүрээнд анхаарал татсан, зайлшгүй шийдэх ёстой асуудлуудыг дурдсан.
2021-2022 оны хичээлийн жилийн байдлаар 34546 хүүхэд дотуур байранд амьдрах хүсэлт гаргаснаас 32576 (94.3%) хүүхэд дотуур байранд амьдарсан байна. Хүсэлт гаргасан нийт хүүхдийн 26458 (76.8%) нь малчдын хүүхэд байна. Тухайн хичээлийн жилд нийт 548 дотуур байр ашиглагдсан, 489 нь стандартын шаардлага хангасан бол 59 нь стандартын бус барилга байжээ. Барилгын насжилтын хугацаа дууссан, хүүхэд амьдрахад аюултай орчинд хүүхэд амьдарсаар байгаа нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн ноцтой зөрчил тул цаашид дотуур байрын ашиглалтын хугацааг хуулиар тогтоосон буюу 15 жил тутамд барилга байгууламжийн төлөв байдалд барилгын улсын хяналтын асуудал эрхэлсэн байгууллагаар дүгнэлт гаргуулж, холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй хэмээн дүгнэсэн байна.
Бүх дотуур байруудыг дулааны төвийн шугамд холбох шаардлагатай ба ингэснээр гал тогоо, дотор ариун цэврийн өрөө, усанд орох өрөө, угаалтуурын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Дотуур байрын хоолны амт чанар, илчлэг, хэмжээ, хүнсний хадгалалт хамгаалалт стандартын шаардлага хангахгүй, ундны ус хүрэлцээгүй, зөөврийн устай, зарим дотуур байр зориулалтын гал тогоогүй, угаалтуургүй, бие засах газаргүй, усанд орох болон угаалгын өрөөгүй байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа аж.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрүүл мэндийн кабинетад байх шаардлагатай эм, багаж хэрэгслийн жагсаалт байдаг ч хяналт шалгалтад хамрагдсан дотуур байрнууд энэхүү шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эмнэлгийн тусламж авах эрх зөрчигдөж байгаа хэмээн дүгнэсэн байна. Хяналт шалгалтын явцад 19 сургуулийн эмч хугацаа дууссан эмийг хадгалж, хэрэглэж байсан, эмнэлгийн үед үүсэх аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, устгах, бүртгэх болон тайлагнах журмыг бүх дотуур байр болон сургуулийн эмч нар дагаж мөрдөхгүй зэрэг зөрчил түгээмэл гарчээ. Хяналт шалгалтад хамрагдсан албан ёсны дотуур байрны одоо 39-д нь налуу замтай буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байжээ. Бусад нь энэ асуудалд анхаарал хандуулж, арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг саналыг Комиссын дарга Ж.Хунан хэлж байв.
Хяналт шалгалтын үеэр дотуур байрны цонхнууд хөшиггүй, суралцагчид гэрээсээ хөшиг авч ирдэг, зарим өрөөг дотроос нь цоожлохыг хориглосон тул шууд орох боломжтой, охидын өрөөнд хяналтын камер байршуулсан тохиолдол илэрсэн байна. Мөн охидын ариун цэврийн болон усанд орох өрөөний тусгаарлагч стандартын шаардлага хангаагүй, усанд орох, бие засах үед цонхоор нэвт харагдах, дээрээс нь зургийг нь дарах эрсдэлийг үүсгэсэн. Энэ нь хүүхдийн хамгаалуулах болон аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа хэмээн дүгнэжээ.
Үргэлжлүүлэн тэрбээр Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулав. 2022 онд аймаг, дүүргийн Засаг даргын Захирамжаар 21 аймаг, 9 дүүрэг болон сум дундын шүүхтэй 9 суманд 39 хүүхдийн эрхийн хууль зүйн хороог 13-17 гишүүд нийт 451 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны нийт гишүүдийн 70 гаруй хувь нь шинэчлэгдсэн. Хорооны бүрэлдэхүүнд 3 байгууллага, албан тушаалтан нэмэгдэж, хорооны даргаар аймаг, дүүргийн Засаг даргын орлогчийг сольж оруулжээ. Энэ нь гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч, гэрч, хохирогч хүүхдийн эрхийг хамгаалахад шууд хамаарал бүхий төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Хяналт шалгалтын дүнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог үр дүнтэй хуралдуулах, салбар хоорондын уялдаа холбоо, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах, үр дүнг тооцдог механизм бүрдүүлэх, хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журамууд, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай гэдэг дүгнэлт гаргажээ.