Роботын тусламжтай үр тогтоосон хүүхдүүд төржээ
Эр бэлгийн эсийг өндгөн эс дотор тарьдаг роботын тусламжтай үр тогтоосон хоёр хүүхэд эсэн мэнд төржээ. “Overture Life” гэх Испани старт ап компани“Platstation”-н гараар удирддаг робот бүтээж тэрхүү үр хөврөлийг тогтоосон байна. Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “New Hope” нэртэй үргүйдлийн эмнэлэгт “Overture Life” компанийн ажилтан Эдуард Алба тэрхүү роботыг ашиглан ин-витро үр тогтоолт хийжээ.
Алба “MIT Technology” сэтгүүлд хэлэхдээ “Playstation”-н гар бариад эр бэлгийн эс өндгөн эс рүү тарих гэж байхдаа “Зүгээр л нэг туршилт” гэж бодсон хэмээсэн байна. Ин-витро үр тогтоолт нь маш үнэтэй бөгөөд “Overture Life” компани энэхүү үр тогтоох аргыг хямд, олон хүмүүст хүртээлтэй болгохоор ажиллаж байгаа юм. Тухайлбал Их Британид эрүүл мэндийн даатгалтай үйлчлүүлэгч ин-витро үр тогтоолт хийлгэхийн тулд 6,200 ам.доллар төлөх шаардлагатай байдаг аж. Колумбын их сургуулийн үргүйдлийн эмнэлгийн захирал Зев Уильямс ин-витро үр тогтоолт хийхэд одоогийн байдлаар хүмүүс роботуудаас илүү гарамгай, гэхдээ энэхүү процессыг автоматжуулснаар үнийн дүнг их хэмжээгээр багасгах боломжтой гэсэн байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ