Д.Бумдарь: Иргэдийн санал гээгдэхгүй байх үүднээс холимог тогтолцоог оруулсан
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд 21.1 дэх заалтыг өөрчлөхөөр оруулж ирсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж үзсэн.
Тэгвэл холимог тогтолцооны давуу талыг МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн доктор, профессор Д.Бумдарь чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбар, мэдээлэл өглөө. Тэрбээр:
“Иргэдийн санал гээгдэхгүй байх, төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх үүднээс нэг санал, нэг төлөөлөл гэдэг зарчмыг баримтлах нь зүй ёсных юм. Иргэдийн санал гээгддэггүй байх, санал бүрийн жин ижил тэнцүү байх ёстой гэж үзсэн. Хувь тэнцүүлсэн элемент нь өндөр байх тусмаа иргэдийн өгсөн санал суудал болж хувирах магадлал өндөр байдаг буюу шууд хамааралтай байдаг учраас 50 хувь гэсэн онолын үндэслэлийг баримталсны үндсэнд жагсаалт 50, мажоритар 50 хувь гэж оруулсан” гэлээ.