АСУУДЛЫН МӨРӨӨР: Чойжин ламын сүм музейг шинэчлэх цаг нь болсон уу?

 Чойжин ламын сүм музейн хашаанд барилга барихаар болсонтой холбоотой асуудал өнгөрөгч долоо хоногийн хамгийн халуун сэдэв байлаа. Тэгвэл Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын бурхны шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг болох Чойжин ламын сүм музейн хашаанд музейн цогцолбор барихаар болжээ. Зургаан метр өндөр, 54х12 метр хэмжээтэй нэг давхар үзэсгэлэнгийн зориулалттай танхимыг Чойжин ламын сүм музейн 2.0 га газарт барих юм байна.

 Тус барилгын захиалагч нь Чойжин ламын сүм музей болон Соёлын яам агаад барилгын зөвшөөрлийг Хотын захиргаа өгчээ. Тодруулбал, барилгын ажлын даалгаврыг 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан байна. Ингэхдээ Соёлын яам, Соёлын өвийн үндэсний газар, ШУА, холбогдох байгууллагуудаас санал шүүмжийг сонссоны үндсэн дээр  загвар зургийг баталжээ. Зоорийн давхарт нь сургалт болон музейн ажилчид байрлах бол нэгдүгээр давхар нь бүхэлдээ үзэсгэлэнгийн танхим байх аж. Барилгын ажлын даалгаврыг батлах үед Соёлын сайдаар С.Чулуун ажиллаж байв. Учир нь Ч.Номинг 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Соёлын сайдаар томилсон юм.

Түүх, соёлын үнэт өв болсон музейн хашаанд дахин барилга барихыг эсэргүүцсэн олны шүүмжлэлийн дараа  Соёлын сайд Ч.Номин “Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй.Харин музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг. Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд. Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна” гэж мэдэгджээ. Гэвч тус барилгыг барих захиалгыг Соёлын яам өгч, архитектурын төлөвлөлтийн даалгаврыг Мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 41 болон 45 дугаар хурлаар баталсан байна. Барилгын зөвшөөрлийг ч Хотын захиргаа хэдийнэ өгчээ.Гэтэл салбарын сайд нь барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй хэмээн мэдэгдсэн нь ихээхэн анхаарал татаж байна.

Тэгвэл барилгын зураг төслийг  хариуцаж байгаа “Сүлд проект” компанийн захирал Г.Нямцогт “Манай компанийн хувьд Чойжин ламын сүм музейн үйл ажиллагааг хаахгүйгээр, ногоон байгууламжаа хадгалах болно. Түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төслийн ажлыг голдуу хийдэг. Үүний хэмжээнд архитектурын ямар ч зураг хийх боломжтой. Мэргэжлийн хүмүүс бий. Эхний зураг төслөө л төлөвлөснийг Чойжин ламын сүм музейг нураах гэж байна гэж шүүмжилж байна” гэж ярьжээ.

Уран барилгын хийцийн хувьд дахин давтагдашгүй сүм музей

Олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад буй Чойжин ламын сүм музей нь жуулчдын анхаарлыг татдаг, түүхэн өндөр ач холбогдолтой газар билээ. Тодруулбал, Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулсан анхны Занхан сүм, гэр өргөөг 1899-1901 онд байгуулсан боловч 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч тэрхүү гэр өргөө бүрмөсөн шатжээ. Иймээс тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч лам нар “Далхын дэнж” буюу одоогийн Чойжин ламын сүм музей буй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн шинжсэнээр 1904 оноос монгол, хятад урчуудын ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн үзэмж төгөлдөр сүм, өргөө байгуулах ажлыг эхэлж, 1908 оны үед бүрэн дуусгажээ. Тус сүм өргөөг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээн босгоход 69230 лан, долоон цэн, найман пун мөнгө зарцуулсан байна.

Манжийн эрхшээлийн үед Монгол нутагт тавин таваас дээш тасалгаа буюу өрөөтэй сүм байгуулахад тухайн сүмд Манжийн хаан нэр шагнаж олгодог хуультай байсан учир 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнажээ. Гэвч уг сүм ард олны дунд “Чойжин ламын сүм” хэмээн эзэн Чойжин лам буюу Монгол төрийн сахиусны их гүдэнба Лувсанхайдавынхаа нэрээр алдаршсан юм.

1918 онд хутагт Лувсанхайдавыг жанч халсаны дараа ч тус сүмийн лам хуврагууд хурал номын үйл ажиллагаагаа таслалгүй үргэлжлүүлж, 1930-аад оны сүүл үед хүрчээ. 1930-аад онд төр, засгаас шашин, сүм хийд, лам нарын талаар хатуу бодлого баримтлан, ард олны шүтэж бишрэх эрх чөлөөг хязгаарлаж, сүм хийдийн үйл ажиллагааг хаажээ. Иймээс 1930-аад оны эцэст шашин номын үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосны олон сүм хийдийн нэг нь Чойжин ламын сүм байв. Гэхдээ тус сүмийн барилга байгууламж, бурхан шүтээн нь бусад олон дацан сүм хийд шиг устаж үгүй болоогүй юм.

1930 онд Оросын уран барилгач Васильев, 1937 онд Шинжлэх ухааны хүрээлэн буюу өдгөөгийн Шинжлэх ухааны академийн эрдэмтэд Чойжин ламын сүмийг үзэж уран барилгын хийцийн хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв болохыг тодорхойлсон нь төр засгийн тэргүүн нарын сонорт хүрч, 1938 онд Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, өрлөг жанжин Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд үнэ төлбөргүйгээр шилжүүлжээ. Ингэснээр тус сүм нь Монголчуудын бүтээсэн шашин, соёлын их өвийг хадгалан хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий соёл байгууллага болсон юм.

1938 оноос 1961 он хүртэл тус музейг зөвхөн гадаадын томоохон зочдод төлөөлөгчдөд үйлчилдэг “Хаалттай музей” болгосон бөгөөд 1961 онд сэргээн засварлалтын ажлыг хийснээр олон нийтэд нээлттэй үйлчлэх музей болжээ. Улмаар 2000 оны нэгдүгээр сарын 05-ны Гэгээрлийн сайдын 07 тоот тушаалаар Чойжин ламын сүм музейг бие даасан музей болгожээ.Ийнхүү өдгөөгөөс 110 жилийн тэртээ байгуулагдсан Монгол төрийн их сахиусны гүдэнба, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлийн их өргөө “Өршөөлийг хөгжүүлэгч” сүм музейн үйл ажиллагаа эрхэлж, Монголын түүх, шашин, соёлын дахин давтагдашгүй хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалан, судлан сурталчилж, дахин давтагдашгүй үзмэрүүд нь үзэгч олны мэлмийг мялаасаар байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *