Т.Солонго-Уянга: Сэрчмаагийн дүр намайг жүжигчин мэргэжилд хайртай болгосон

Бид энэ удаагийн “Трэнд зочин” буландаа жүжигчин, найруулагч Б.Амарсайханы “Монгол” киноны гол дүр болох Сэрчмаагийн дүрд тоглосон, загвар өмсөгч Т.Солонго-Уянгыг урилаа.

-Юуны түрүүнд анхны уран бүтээлийнхээ ард амжилттай гарсан таньд баяр хүргэе.Нээлтийн үеэр нь киногоо анх удаа теарт үзсэн мэдрэмж ямар байв.Анхны дэлгэцийн бүтээл учир догдлол дүүрэн байсан байх?

-Анх киногоо нээлтийн өдөр нь театрт кино багийнхантайгаа үзэхэд зураг авалтын үетэй адил дулаахан мэдрэмж төрсөн.Удаан уулзаагүй кино багийнхнаа эргэн харсан нь маш сайхан байхын сацуу киногоо үзээд хэлэх үггүй болсон. Бид ямар том уран бүтээлийн ард амжилттай гарснаа нээлтийн өдөр ойлгосон.

 -Нэгдүгээрт, та мэргэжлийн жүжигчин биш. Хоёрдугаарт, анхны уран бүтээл гэдгээрээ онцлог байлаа.Кино зураг авалтын үед “Би чадах болов уу” гэсэн  айдас төрж байв уу?

-Киноны найруулагч Б.Амарсайхан ах “Кинонд тоглоно гэдэг дан ганц жүжиглэх биш кинон дотроо амьдрах юм” гэж хэлж байсан нь маш том түлхэц болсон. Үүнээс гадна зургийн талбайд тухайн зохиолын үзэгдэлд яг юу болох, өмнө нь юу болсон, дараа нь ямар үзэгдэл тоглохыг нэг бүрчлэн тулж тайлбарлаж өгч байсан.Ийм ойлгомжтой, цэгцтэй удирдамжийг найруулагчаасаа авч зохиол, үзэгдлүүдээ өөрийн биед шингээгээд ойлгочихсон байсан нь өөрийнхөө мэдрэмжийг ямар нэгэн саадгүй ил тод гаргахад нөлөөлсөн гэж боддог.

-Кино шүүмжлэгчид “Монгол” УСК төдийгүй Сэрчмаагийн дүрийг ихэд сайшааж байна.Жүжиглэлтээс гадна дүр төрхийн хувьд яг цав тохирсон гэж үзэж байна.Эерэг сэтгэгдлүүдэд дарагдаж байна уу?

-Киноны трейлэр цацагдсанаас эхлээд хүмүүс холбогдож “Үнэхээр гоё монголжингоо төрхтэй охин байна. Дүрээ маш сайн гаргажээ” гэсэн эерэг сэтгэгдлүүд их ирсэн. Эдгээр хүмүүстээ маш их баярлалаа.

“Монгол” УСК  Монгол хүний үнэ цэнийг таниулсан мэт сэтгэгдэл төрсөн.Энэ кинонд тоглосноос өмнөх Т.Солонго-Уянгын монгол хүний үнэлэмж, үнэ цэнэ кинонд тоглосны дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Бидний өнөөгийн нийгмийн үйл явдлыг бид нүдээрээ хардаг ч зүрхэндээ шингээж ойлгохгүйгээр бодит байдалтайгаа эвлэрчихсэн юм болов уу гэж хардаг. Өнгөрсөн үеийн цаг хугацаа нь өөр боловч бидний амьдарч байгаа нийгэм ижилхэн үү гэх мэтээр өөрсдийн одоогийн байдлыг киноноос олж харах боломжтой.Өнөөгийн нийгэмд юу болоод байна, юуг бид тоохгүй өнгөрөөд байгаа вэ, юуны төлөө тэмцэх ёстой, үнэт зүйл юу вэ гэдгийг “Монгол” киноноос харах боломжтой. Техник технологи хөгжсөн XXI зуунд амьдарч байгаа ч ямар үнэт зүйл дутагдаад байна, юуны төлөө тэмцэх ёстой вэ гэдгийг илүү гаргаж өгсөн.

-Сэрчмаагийн хайр сэтгэлийнхээ төлөө үнэнч байгаа нь Т.Солонго-Уянгын бодит байдалтай илүү ойр дөхөм гэж та ярьсан байсан.Үүнтэй холбогдуулан асуухад чин үнэнч хайр, хайр дурлалыг хэрхэн тодорхойлох вэ?

-Киногоо хоёр дахь удаагаа театрт үзэхэд Монгол, Сэрчмаа хоёрын хайрыг үзэгчийн хувиар мэдрээд “Ямар азтай хүмүүс вэ” гэж бодсон.Хоёр биенээ олоод нэг нэгнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа хамгийн үнэнч, нандин хайрыг дахин олж харсан.Миний хувьд хайр гэж яг тийм зүйлийг хэлнэ гэж бүрэн тодорхойлж чадахгүй нь. Гэхдээ хоёр биенийхээ төлөө сэтгэлийн угаас гарч байгаа хайр,  хэлж чадахгүй байгаа ч гэсэн зүрхэндээ нандигнаад байгаа үнэнч, яруу хайрыг “Монгол” кино мэдрүүлнэ.

-Тэгвэл юу таньд хамгийн ихээр хайрыг мэдрүүлдэг вэ?

-Бүх зүйлээс хайрыг мэдрэхийг хичээдэг.Хайр гэдэг зүйл хүн хоорондын хайраар хязгаарлагдахгүй.Цаг агаар сайхан үед кофе уугаад  алхахаас ч хайрыг мэдэрч болно.Ямар ч нөхцөл байдалд аливаа зүйлийг эерэг талаас нь хараад ямар ч нөхцөлгүйгээр хайрлах, мэдрэх нь чухал. Хэр их хэмжээгээр зүрхэндээ хайр мэдэрч, ямар нэгэн зүйлийг хайрлаж байна тэр хэмжээгээрээ хүн аз жаргалтай болдог.

-Санхүүгийн менежмент мэргэжлээс хэрхэн загварын салбар руу хөрвөсөн бэ.Та 2014 оноос та загвар өмсөж эхэлсэн санагдаж байна?

-Санхүүгийн менежмент мэргэжлээр ажиллаж эхлэхээсээ өмнө 2014 оны өвлөөс 2015 оны эхэн үе хүртэл загвар өмсөгчийн дугуйланд хамрагдаж байсан.Харин 2018 оноос загвар өмсөгч мэргэжлээр ажиллаж эхэлсэн. Чин сэтгэлээсээ хайртай дуртай зүйлээ хийхээр хэчнээн ядарсан ч бай, хэчнээн бууж өгмөөр  санагдсан ч тухайн зүйлийнхээ төлөө зогсолтгүйгээр зүтгэдэг юм билээ.Энэ ч утгаараа биений нэг тал болсон загвар өмсөгч мэргэжлээр үргэлжүүлэн ажиллахаар шийдсэн.

-Загвар өмсөгчөөс дахин шинэчлэл хийж кино урлагийн салбар руу орлоо.Цаашид жүжигчин, загвар өмсөгч мэргэжлийг хослуулан ажиллахаар төлөвлөсөн зүйл бий юу. Дахин киноны санал ирвэл хүлээн авах уу?

-Сэрчмаагийн дүрд тоглоод жүжигчин мэргэжилд хайртай болсон.Эхэндээ юу хийхээ сайн мэдэхгүй хэцүү байсан ч хэсэг хугацааны дараа  хийх зүйлсээ ойлгоод дараа дараагийн үзэгдлүүдийн зураг авалтыг тэсэн ядан хүлээдэг болоод дурлаж ажилласан.Тиймээс ирээдүйд жүжигчин, загвар өмсөгч мэргэжлийг хослуулан ажиллах төлөвлөгөө бий.

-Лондонд загвар өмсөж байгаад түр хугацаагаар ирсэн. Тэнд байхдаа ямар томоохон брэндүүдийн нүүр царай болж ажилласан бэ?

-2022 оны гуравдугаар сард Лондон хотод очиж ажиллаж байгаад нэг сарын хугацаатайгаар Монголдоо амрахаар ирсэн.Энэ үеэр “Монгол” киноны продюсер С.Уран эгч холбогдоод киноны санал тавьснаар Монголдоо үлдээд киноны зураг авалтдаа орсон. Дараа нь буцаж Лондон яваад дахин эх орондоо ирсэн.

-Кино багийнхан анх санал тавихдаа яагаад Сэрчмаагийн дүрд өөрийг тань сонгосон, ямар шалгуур тавьсан талаараа юу хэлсэн бэ?

-Анх С.Уран эгч холбогдоод “Монгол” гэсэн кино хийхээр гол дүрийн эмэгтэйг хайж байгаа юм.Кинонд тоглох сонирхол байдаг бол проб өгч болох уу.Зөв, буруу гэж бодохгүйгээр өөрийнхөө мэдэрч, ойлгож байгаагаар текстээ өөртөө суулгаад бичлэгээ явуулчих” гэж хэлсэн. Энэ үгнээс нь урам авч буруу, зөв гэж байхгүй би зөвхөн мэдэрснээ явуулах юм байна гэж ойлгоод оройдоо бичлэгээ хийгээд явуулсан. Маргааш нь холбогдоод “Найруулагч, продюсерүүд үзсэн.Их таалагдлаа” гэж яриад очиж уулзаад “Монгол” кинонд тоглохоор болсон.

-Буцаад Лондон явах уу эсвэл Монголдоо ажиллах уу.Өөр улсад ажиллах урилга ирсэн үү?

-Энэ асуултыг өөрөөсөө одоо асууж байгаа.Миний карьер гадаадын зах зээлд байх уу,Монголдоо байр сууриа олчхоод гадаадын зах зээл рүү гарах нь зөв үү гэдгийг өөрөөсөө их асууж байгаа.Ирээдүйд хаана ажиллахыг тухайн үед нь хүмүүс харах байхаа.

-Лондонгоос гадна та Орос, Хятадад ажиллаж байсан.Англи, Орос, Хятад, Монгол гэсэн дөрвөн улсын загварын салбараас ямар ялгаа ажигласан бэ?

-ОХУ-д Ази моделиуд цөөн байдаг учир эрэлт өндөртэй.Англид олон улсын моделиуд байдгаас Азиас Хятад, Солонгос давамгайлдаг.Хэрэв Ази модель бол Лондонд Монголоос ирсэн гэж хүмүүс харахгүй, Ази модель гэдгээр нь үнэлнэ.Ажил мэргэжлийн хувьд нэг их ялгаа байхгүй.

-Хэд хэдэн оронд ажиллахдаа хөгжлийг нь харьцуулж харсан байх.Тэдгээрээс Монголдоо нэвтрүүлчих юм сан гэж бодож явдаг зүйл бий юу?

-Загварын салбарт гэвэл өөр улсад олон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.Нэг зураг авалт хийхэд 2-3 камерын туслах, гэрэлтүүлэгч, make-up артист,стилист, туслахууд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Ингэснээр хийж байгаа ажлууд нь богино хугацаанд чанартай болж, илүү өндөр үр дүнтэй байдаг.Хүн бүр хариуцсан ажлаа л хийнэ, өөр зүйлд оролцохгүй.Монголд зарим газар make-up артист нь үсчин хийгээд загвар өмсөгчдийнхөө хувцсыг нь барьчихсан явж байдаг.Энэ талаараа хүн хүчний дутагдлаас үүдэлтэй сул тал бий гэж хардаг.

-Үзэгчид Т.Солонго-Уянгыг хувь хүнийх нь талаас илүүтэй мэдэхийг хүсч байгаа байх.Та хотод төрсөн үү?Бага насныхаа дурсамжаас бидэнтэй хуваалцаач?

-Улаанбаатар хотод төрсөн.Гадаадад сурч байсан, гадаадад загвар өмсдөг гэхээр Монголдоо өсөөгүй юм болов уу гэж бодож магадгүй.Бага байхдаа даалгавруудаа яг цагт нь хийдэг, идэвхи сайтай хүүхэд байсан. Мөн ном их уншдаг байсан.Их сургуульдаа ч байсан ялгаагүй, хичээлээ л хийдэг байсан.

-Ямар төрлийн ном унших дуртай вэ.Ширээний ном бий юу?

-2022 оны зун хүртэл уран зохиолын, утга уянгын ном унших дуртай байсан. Ширээний номны тухайд найз минь надад нэг ном бэлэглэсэн юм. Энэ номонд хүний төрөхөөс үхэх хүртэлх амьдралын бүх үйл явцын тухай өгүүлдэг. Мөн бид юуны төлөө энэ хорвоод ирсэн, хүн тодорхой үүрэгтэйгээр дэлхийд мэндэлдэг, хүн бүрт ухрах зам байдаг тухай өгүүлдэг. Өдөр болгон уншдаггүй ч гунигтай мэдрэмжтэй, төөрөлдсөн, өөрөөсөө олон асуулт асуусан үедээ энэ номыг уншдаг.

-Ном таны амьдралд хэр их байр суурь эзэлдэг вэ?

-Ном хэр их уншина, төдий чинээгээрээ ухаантай болно гэж боддоггүй. Харин ном уншсанаар төсөөлөн бодох чадвар сайжирч, нэг өгүүлбэрийг ч гэсэн өөртөө шингээж аваад аливаа зүйлсийг өөрөөр хардаг болж, олон төрлийн мэдрэмжийг авах боломжтой.Уншсанаараа мэдрэмжээ хөглөж сэтгэн бодох чадвараа сайжруулж дахин дахин уншмаар санагддаг.

-Та бага байхдаа загвар өмсөгч болно гэж бодож байсан уу?

-Сургуульд байхдаа хүүхдүүд төөрөлдчихсөн, математиктаа сайн бол эдийн засагч болно гэсэн ерөнхий ойлголттой байдаг. Би ч мөн адил ямар мэргэжилтэй болохоо сайн тодорхойлоогүй  төөрөлдчихсөн явж байсан үе бий.Ахлах сургуульд байхад ээж “Загвар өмсөгчийн дугуйланд явах уу” гэж асууснаас загварын салбарт дурлаж, хайртай болж эхэлсэн.

-Ээж тань урлагийн хүн үү?.Гэр бүлийнхээ танилцуулахгүй юу?

-Би айлын хоёр дахь хүүхэд.Нэг эгч, эрэгтэй дүүтэй.Ээж хуульч, аав хөдөө аж ахуйн доктор.

-24 настай Т.Солонго-Уянгын хэтийн зорилго юу байна.Аль салбарт илүү амжилт гаргахаар зорьж байгаа вэ?

-Тэдэн жилийн дараа гэхэд тийм юм хийнэ гэсэн хэтийн төлөвлөгөө бий.Гэхдээ тийм зүйл хийнэ гээд бодсон зүйлээ ярих дургүй.Тухайн нөхцөлдөө тааруулаад дараа дараагийн шийдвэрүүдээ гаргаад явдаг.Ирээдүй л харуулах байх.

-Чөлөөт цагаараа балетаар хичээллэдэг юм билээ. Өөр сонирхдог зүйл бий юу?

-Балетаас гадна саяхнаас агаарын иог хийж эхэлсэн.Агаарын иог биеийн бүх булчинг зэрэг хөгжүүлж  тухайн үед байгаа би юу ч бодохгүйгээр оршиж чаддаг юм болов уу.Тиймээс надад маш их таалагдаж байгаа.

-“Монгол” УСК-ны “Итгэл найдвар хэзээ ч ялагддаггүй” гэсэн эшлэл трэнд болж байна.Таньд юу хамгийн ихээр итгэл найдварыг өгдөг вэ?

-Итгэл найдварыг өөрөөсөө авдаг гэж боддог.Өөртөө итгэхгүй бол юу ч хийж, юуг ч эхлүүлж чадахгүй.Тиймээс эхлээд өөрийгөө хөгжүүлж, өөртөө итгэх хэмжээний хүн байх хэрэгтэй.Итгэсэн бол түүнийгээ битгий алдаарай.Бидэнд тодорхой хэмжээний итгэл найдвар байгаа болохоор ямар нэгэн зүйлийг хийж байгаа. Сэтгэл дотор жижигхэн ч гэсэн итгэл найдвар байгаа болохоор бид түүнийхээ төлөө зүтгэж байгаа. Хэрэв өөрт тань итгэл найдвар байгаа бол өөртөө итгэх итгэлээ улам нэмээд өчигдөр байснаасаа илүү дэвшиж дээшлэхийг хичээгээсэй гэж хүсье.

-Урам зориг өгдөг, эрч хүчээ сэлбэдэг эшлэл, хэн нэгний хэлсэн үг бий юу?

-Олон үг, зүйрлэлийг өөртөө хэлдэг.Толгойд орж ирж байгаа нь “Бүх зүйлс учир шалтгаантай байдаг.Зөв цаг нь ирэхээр чамд зориулагдсан бүхэн чамд ирнэ” гэдэг үг юм. Бүх зүйлсийг хайрлах хэрэгтэй.Хүн юуг ч даван туулж, ямар ч нөхцөл байдалд байж болно.Гэхдээ амьдрах гоё.Ямар ч нөхцөлд амьд байгаадаа баярлах хэрэгтэй.

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *