Барилгын засал чимэглэл хийдэг компани Соёл, урлагийг дэмжих сангаас 77 сая төгрөгийн санхүүжилт авчээ

Соёлын яамны харъяа Соёл, урлагийг дэмжих сангийн мэдээлэл даваа гарагт shilen.gov.mn сайтад нээлттэй байршлаа. Ийн тус сангийн нээлттэй дата мэдээлэлд үндэслэн ямар байгууллага, ямар иргэн хэдий хэмжээний санхүүжилтийг авсан талаар  бид энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ. Соёл, урлагийг дэмжих сангаас иргэд наймаас 80 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Гэхдээ тус санхүүжилтээ яг, юунд хэрхэн зарцуулсан хийгээд ямар үр дүн гарсан талаар бүрэн мэдээлэл алга.Сангийн мэдээллийг нээлттэй болголоо хэмээн мэдэгдсэн хэдий ч ямар байгууллага, хэдий хэмжээний санхүүжилтийг хэдэн онд авсан гэдэг хүснэгтэн мэдээллээс өөр тоймтой мэдээлэл байхгүй байгаа нь учир дутагдалтай. Тиймээс бид их хэмжээний санхүүжилт авсан зарим байгууллага, иргэний мэдээлэл, санхүүжилтээ юунд зарцуулсан талаарх мэдээллийг ухаж үзсэн юм.

Хамгийн өндөр санхүүжилт болох 80 сая төгрөгийг Монголын маркетингийн судалгааны ассоциаци авчээ

Соёл, урлагийг дэмжих сангийн жилийн орлого 1.5 тэрбум байдаг. Сүүлийн хоёр жил буюу 2021,2022 оны байдлаар тус сангийн зарцуулалт 2.8  тэрбумд хүрчээ.Тус мөнгийг 58 байгууллага, 15 иргэнд зарцуулсан байна. Эдгээрээс хамгийн өндөр санхүүжилт болох 80 сая төгрөгийг Монголын маркетингийн судалгааны ассоциацийн тэргүүн Чулуунбатын Даваасүрэн “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал” төслөөр авчээ. Маркетингийн судалгаа зөвлөх үйлчилгээний “MMCG” компани болон бусад компани, судлаачдын санаачлагаар Монгол Улсад маркетингийн судалгааг хөгжүүлэх, маркетингийн судалгаан дахь олон улсын мэргэжлийн стандарт, ёс зүйг сурталчлан таниулах зорилго бүхий Монголын маркетингийн судалгааны ассоциаци (ММСА)-ийг 2013 онд байгуулжээ.

Үүний дараа Байгаль зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг ТББ, Монголын үзэсгэлэнт байгаль түүхэн дурсгалт газрууд, Хос алтан пирамид ХХК, Юникүе повер теч ХХК 77-78 сая төгрөгийн санхүүжилтийг Соёл, урлагийг дэмжих сангаас авсан байна. Монголын үзэсгэлэнт байгаль түүхэн дурсгалт газрууд гэдгийг тодруулвал  “Соёлын өвийн дурсгал хүүхдийн нүдээр” төслөөр Ганбатын Хишигжаргал 77.5 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-д хэмжилт хийж байсан “Хос алтан пирамид” ХХК 77 саяын санхүүжилт авчээ

Харин Норолхоогийн Санжмятав захиралтай “Хос алтан пирамид” ХХК “Гурван хэмжээстэй тоон загвар” төслөөр 77.2 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Тус компани нь барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээ, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр 2008 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ.  “Геодези, зураг зүйн” чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхтэй юм байна. Түүнчлэн одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн нүүрс олборлолтын талбайд хэмжилт хийлгэхдээ итгэмжлэгдсэн байгууллагаар “Хос алтан пирамид”-ийг сонгон ажиллуулж байжээ. Тус компани тухайн үед хэмжилт хийхэд “Таван толгой” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс олборлосон зөрүүтэй гурван тайлан гарсан талаар ч мэдээлж байв.Тэгэхээр “Хос алтан пирамид” ХХК-ийн тухайд одоогийн Засгийн газартай эртнээс ойр холбоотой ажилласан байна.

 “Юникүе повер теч” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Цэнгэлийн Ариунболд “Виртуал өв соёл” төслөөр 2021 онд 77 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. “Юникүе повер теч” /UP Tech/ ХХК нь 2018 оноос хойш “Virtual Reality” технологийг хөгжүүлж, нийгэмд олон төрлийн шийдэл санал болгож, үнэ цэнэ бүтээх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.  Мөн тус байгууллага Монголын соёл, бизнесүүдийг олон улсад “VR” технологиор дамжуулан бодитоор сурталчилан танилцуулах боломжийг бүрдүүлэн ажилладаг аж.

Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү, уртын дуучин Ц.Туяацэцэг нар номны санхүүжилт авчээ

Иргэдээс Чимэддоржийн Батбилэг “Дэлхийн өвийн дурсгалт газрын уур амьсгалын судалгаа, түүнд соёлын өвийн өртөх байдал” сэдэвт судалгааны ажил хийх, “Бамбүү театр”-ын үүсгэн байгуулагч  Аюурзанын Уянга “Хогон мангас” төслөөр, Чойсүрэнгийн Одончимэг “Онлайн хэлбэрийн жүжиг бүтээх төсөл”,  Александрийн Гэсэрчимэг “Соёл биет бус өвийн цахим музей байгуулах” төслөөр 40 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Эдгээрээс “Creative Bamboo” буюу “Бүтээлч Бамбүү” төв нь 2017 оны есдүгээр сард байгуулагдсан бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулсан хүүхэд, гэр бүлийн бүтээлч төв юм. Тус төвийн харъяа “Бамбүү театр” хогоо хэрхэн ангилах тухай өгүүлэх “Хогон мангас” хүүхдийн жүжгийг бүтээхдээ Соёл,урлагийг дэмжих сангаас 40 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.Хамгийн бага санхүүжилт нь найман сая байгаа агаад Монгол Улсын урлагийн Гавьяат зүтгэлтэн, профессор, морин хуурч, хөгжмийн зохиолч, удирдаач, Монгол Улсын Консерваторийн захирал Ц.Пүрэвхүү “Морин хуурын нэвтэрхий толь” бүтээхдээ авчээ.

Мөн Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уртын дуучин Цэрэнгийн Туяацэцэг “300 уртын дууг эгшигт буулгаж, уртын дууны ном хэвлүүлэх” төсөлд 8.6 сая, Батжаргалын Сандуйжав “Гэсэр бидний найз” төсөлдөө 9.6 саяын санхүүжилт авсан нь хамгийн багадаа тооцогдож байна.

Бусад иргэдийн талаар болон санхүүжилтээ хэрхэн зарцуулсан талаар нээлттэй мэдээлэл алга.Дээрх мэдээллүүдийг дүгнээд харвал санхүүжилтээ яг, юунд хэрхэн зарцуулсан хийгээд ямар үр дүн гарсан талаар бүрэн мэдээлэл алга.Сангийн мэдээллийг нээлттэй болголоо хэмээн мэдэгдсэн хэдий ч ямар байгууллага, хэдий хэмжээний санхүүжилтийг хэдэн онд авсан гэдэг хүснэгтэн мэдээллээс өөр тоймтой мэдээлэл байхгүй байгаа нь учир дутагдалтай.Яг юунд санжүүжилтээ зарцуулсан, төслийн шалгаруулалт хэрхэн үргэлжилсэн, ямар шалгуураар компани, иргэдийг сонгосон гэдэг нь ил болсон цагт Засгийн газрын “Шилэн” ажиллагаа бүрэн ёсоор хэрэгжих юм.

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments