Импортын эм хэрэглэгчид очихдоо үнээ дөрөв дахин нэмдэг
Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны гуравдугаар сарын 17-ны хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын хэсэг эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд шалгалт хийжээ.
Эмийн үнийн хувьд 2022 онд хамгийн их импортолсон 240 эмийн гаалийн үнээс жижиглэнгийн үнэ хүртэлх нэмэгдэж байгаа хувийг тооцож үзэхэд үйлдвэрлэгчээс өгч буй хэлцлийн үнэ хэрэглэгчид очих хүртэл гаалийн татвар, тээвэр, даатгал, үйл ажиллагааны зардал 17 хувь, ханган нийлүүлэх байгууллагын нэмэгдэл 25 хувь, эмийн сангийн нэмэгдэл 30 хувь, борлуулалтын НӨАТ 10 хувь гэх мэтээр дор хаяж 1.1 дахин нэмэгддэг гэсэн судалгааг танилцууллаа.
Үнэлгээнд хамрагдсан 414 нэр төрлийн эмийн өртөг үнээс бөөний үнэ хүртэлх нэмэгдсэн хувь хэмжээг тооцож үзэхэд долоон нэрийн эмийн үнэ нэмэгдээгүй, 78 хувь 30 хүртэлх хувиар, гурван хувь нь 2-4 дахин нэмж борлуулсан байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 63 хувь нь нэг сарын дотор эмийн хэрэглээндээ 100 мянгаас доошгүй төгрөг зарцуулдаг бөгөөд тэдний 80 хувь нь зах зээлд борлуулагдаж байгаа эмийг үнэтэй гэж үзжээ.