“Улс төрийн нам эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг болж өндөрлөлөө
Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газрын хамтран зохион байгуулсан “Улс төрийн нам эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, МУ-д үйл ажиллагаа явуулж буй намуудын төлөөлөл, улс төр судлаач мэргэжилтнүүд оролцож, өргөн хүрээнд хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр “Улс төрийн намууд, тэдгээрийн хоорондын шударга өрсөлдөөн ардчиллын амин чухал нөхцөл юм. Ялангуяа дарангуйллын шилжилт хийж буй онуудын ардчиллын бэхжилтэд намын тогтолцооны төлөвшлийн асуудал ихээхэн чухал нөлөөтэй учраас бид дэлхийн улс орнуудын намын хөгжлийн чиг хандлагыг судалж, Монголын нөхцөлд таарах сайн туршлага, ололтыг нэвтрүүлэх ёстой” хэмээн онцоллоо. Мөн “Дэлхий дахины улс төрийн намын хөгжлийн загварыг Америк маягийн, Европын, Ази, Африк зэрэг гуравдагч орнуудын намын тогтолцоо гэж гурав ангилдаг.
Энэхүү гурван загвараас парламентын засаглалтай, ардчилсан улс орнуудад хамгийн түгээмэл байгаа нь Европын намын тогтолцоо юм. Энэ системийн үед намын бодлого, шийдвэр гаргахад гишүүдээ илүүтэй хамруулдаг. Харин санхүүжилтийн хувьд нам бол ардчиллын гол институт гэж үздэг тул төрөөс санхүүжүүлэх хандлага зонхилдог. Тийм учраас парламентын засаглал бүхий Европын намын загвар, санхүүжилт нь ардчиллын зарчимд илүү нийцдэг гэдэгтэй олон судлаач санал нэгддэг. Парламент дахь олонхийг бэхжүүлэхэд намын зохион байгуулалт, дэг журам, зөвшилцөл, хамтын ажиллагааг бүрдүүлэх хэрэгтэй болдог. Тийм учраас парламентын засаглалын үед улс төрийн намууд илүү төлөвшиж, хүчтэй байхаас өөр аргагүй болдог. Мөн Европын намын системийн нэг онцлог нь намуудын бодлого үйл ажиллагаанд тинк танкуудын үүрэг нөлөө хүчтэй байдаг. Нам улс төрийн бодлого боловсруулагч институт төдийгүй гишүүд дэмжигчид, иргэдийн улс төрийн боловсролд хувь нэмэр оруулагч гэж үздэг учир тус системийн намуудыг “Бодлогын нам” гэдэг.
Монгол Улсын хувьд олон намын тогтолцоо бүхий ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш нийтдээ 40 гаруй улс төрийн нам байгуулагдсан. Эдгээрээс 10 нь татан буугдах юм уу бусад намтай нэгдсэнээр өдгөө Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 35 нам байна. Гэвч эдгээрээс орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нь цөөхөн юм. Тиймээс бид улс төрийн намын төлөвшилт, хөгжлийн загварт анхаарлаа хандуулах ёстой. Өнөөгийн хуулийн хүрээнд улс төрийн нам үйл ажиллагаагаа явуулахад хэд хэдэн хүндрэл бэрхшээл үүсэж байгаа.
Тухайлбал, 1. Иргэдийн намд итгэл итгэл алдагдах, 2. Нам санхүүжүүлэгчийн ашиг сонирхолд үйлчлэх эрхсдэл, 3. Бодлогын намыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй 4. Популист амлалт бүхий хөтөлбөр дэвшүүлэх 5. Хөндлөнгийн аудит байхгүй 6. Татан буулгах эрх зүйн зохицуулалт байхгүй юм. Одоо хэлэлцэгдэх Улс төрийн намын тухай хуулинд улс төрийн намд олгох санхүүжилтийн хувь хэмжээг нарийн тогтоож, зөвхөн УИХ-д суудал авсан намууд төдийгүй сонгуулиар сонгогчдын тодорхой хувийн дэмжлэг авсан намуудад төрийн санхүүжилт олгох нь зүйтэй. Энэ нь улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгох, намууд бодлогын нам болон төлөвших, сонгогчдын дэмжлэг хүлээх бодлого хөтөлбөр явуулах эдийн засгийн хөшүүргийг бий болгож байгаа юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд, улс төрийн намын эрх зүйн шинэтгэлийг Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу олон улсын жишиг, парламентын засаглалтай улс орнуудын сайн туршлагыг харгалзан хийх нь зүйтэй” гэсэн юм.
Б.ЦЭНГҮҮН