“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжлав

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11-т “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж заасны дагуу “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг боловсруулсан байна.

       Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг 10 жил буюу дунд хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 7 зорилго, 13 зорилт, 98 арга хэмжээ, 135 шалгуур үзүүлэлттэй байхаар тусгажээ.  Тодруулбал, Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийн санал нь дараах 7 зорилгоос бүрдэж байна.

Үүнд:

Зорилго 1.Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлнэ.

Зорилго 2.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлнэ.

Зорилго 3.Шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлнэ.

Зорилго 4.Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлнэ.

Зорилго 5.Шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Зорилго 6.Шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлнэ.

Зорилго 7.Хэрэг хянан шийдвэрлэхэд тохирсон, тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлнэ.

       Тогтоолын төслийн санал батлагдсанаар шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал дээшилж, шүүхэд мэдүүлэх иргэний эрх хангагдана. Мөн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал хангагдаж, хариуцлагатай шүүх төлөвших төдийгүй иргэн төвтэй шүүхийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.

       Түүнчлэн шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежмент сайжруулж, мэдээллийн технологийн дэвшил, орчин үеийн программ хангамж, удирдлагын систем, хиймэл оюун ухааны хэрэглээнд үндэслэсэн, цахимжсан шүүхийн шуурхай, ил тод үйлчилгээ нэвтрүүлэх зорилтыг төсөлд оруулсан байна.

       “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлсэн. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд “Шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай, иргэн төвтэй шүүх тогтолцоо төлөвшинө.” гэж заасан үр дүнд хүрэх, 2031-2040 онд “Иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно.” гэсэн үр дүнгийн суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шүүх эрх мэдлийн хөгжлийн 2024-2034 онд хэрэгжих зорилтот хөтөлбөр байхаар тусгасан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг танилцуулав.

       Төслийг боловсруулахдаа Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, саналуудыг нь  тусгажээ.

       Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлаас 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүхийн тогтолцоог ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчлэх алхмууд хийгдэж, улс төрөөс хараат томилгоог өөрчилсөн. Томилгооны сонсголыг хийж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад эрх зүйн зохицуулалттай болгосон. Гэвч хуулийн зарим зүйл, заалт хэрэгжихгүй байна. Хүний эрхэд суурилсан иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг нэвтрүүлэх, хуулийг нэр мөр ойлгож хэрэглэх, иргэдэд богино хугацаанд чирэгдэлгүй шүүхийн үйлчилгээг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments