|

“Газар шим үйлдвэр” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга амжилттай хаагдлаа

“Газар шим үйлдвэр” ХХК нь Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-д заасан тогтоосон үнийн аргаар 2023 оны 3-р сарын 27-ноос 3-р сарын 31-ний өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжааны захиалга авч дууслаа.

Тус компани нийт хувьцааныхаа 16,54% буюу 198,113,207 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 53 төгрөгөөр, 50 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувийг олон нийтэд санал болгож, нийт 10,5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.

Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 2,879 хөрөнгө оруулагчаас 216,380,683 ширхэг буюу 11,468,176,199 төгрөгийн үнийн дүн бүхий 2,952 захиалга ирүүлсэн бөгөөд үнэт цаасны танилцуулга, андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 2,000 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 84.8 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийлээ.

“TMK Energy” олборлолтын 3 цооногийн өрөмдлөгөө IV сарын дундуур эхэлнэ (Bloombergtv.mn)

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компани олборлолтын цооногуудын өрөмдлөгийн ажлаа энэ сарын дундуур эхлэхээ мэдэгдлээ. Тус компани Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй “Гурвантэс XXXV” метан хийн төслийнхөө хүрээнд хоорондоо 200 метрийн зайтай гурван олборлолтын цооног өрөмдөх бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар мэдээлэв. “TMK Energy” өрөмдлөгийн ажилд “Major Drilling”-тай хамтран ажиллах бөгөөд ойролцоогоор 50 орчим хоног үргэлжлэх юм байна. Энэхүү ажлын нийт зардал 3.5 сая ам.доллар болохоор байгаа аж. Үүний 3.15 сая ам.долларыг “Talon Energy” компани санхүүжүүлэхээр тохиролцсон байна. “TMK Energy” компани “Монголын Алт” (МАК) ХХК-тай хамтран ажиллах хэлэлцээр байгуулаад байгаа ба энэ хүрээнд тус компанийн үйлдвэрлэсэн байгалийн хийнээс гарган авсан эрчим хүчийг “Монголын Алт” компани худалдан авна. “TMK Energy” энэ оны дөрөвдүгээр сард өрөмдлөгийн хөтөлбөрөө эхлүүлж, олборлолт туршилтын гурван цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн эхний үе шатанд гарган авах усыг “Монголын Алт” компанид нийлүүлэх аж.

УБТЗ-ын тээвэрлэсэн экспортын ачаа өмнөх оны мөн үеэс 96.2 хувиар өсжээ (Ikon.mn)

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2023 оны эхний улирлын тээврийн төлөвлөгөө давж биелжээ. “УБТЗ” ХНН энэ оны эхний улиралд нийтдээ 8.1 сая тонн ачаа тээвэрлэж төлөвлөгөөгөө 106.9 хувиар биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.8 хувиар илүү байна. Нийт тээвэрлэсэн ачааг ангилж үзвэл, экспортоор 2.8 сая тонн ачаа, импортоор 782 мянган тонн ачаа, орон нутгийн 3.3 сая тонн ачаа, транзитаар 1,097 сая тонн ачаа тус тус тээвэрлэсэн байна. Экспортоор 2.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 96.2 хувиар илүү байгаа нь ковид цар тахлын улмаас буураад байсан манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт эрчимтэй нэмэгдэж байгааг харуулж байгаа аж. Тэрчлэн энэ нь УБТЗ-ын зүгээс экспортын тээврийн хэмжээг өсгөх үндсэн нөхцөл болох Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн юм. Мөн энэ оны эхний улиралд УБТЗ 490 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэсээ 42.7 хувиар илүү байна.

Дэлхийн банк: БНХАУ хилээ нээсэн нь Тайланд болон Монгол Улсад илүү эергээр нөлөөлнө (Bloombergtv.mn)

Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн өсөлтийн төлөвийн тайландаа БНХАУ хилээ нээсэн нь Тайланд болон Монгол Улсад илүү эергээр нөлөөлөхийг онцоллоо. Энэ нь дээрх хоёр улс аялал жуулчлал, экспортын чиглэлд БНХАУ-аас хамааралтай байгаатай холбоотой гэж тайлбарлажээ. Монгол Улсын хувьд хилийн хоригоо цуцалж, олборлосон нүүрсний нөөц буурч, “Оюу Толгой”-ийн далд уурхайн үйл ажиллагаа эхлээд байна. Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай сэргэснээр эдийн засаг энэ онд 5.2 хувиар тэлэх төлөвтэйг Дэлхийн банк мэдээллээ. Хэдий тийм боловч томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ урьдчилан тооцоолоогүй хэмжээгээр өсгөх нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын валютад дарамт учруулахыг анхааруулав. Түүнчлэн дэлхийн санхүүгийн орчин нөхцөл гадаад өр ихтэй бүс нутгийн орнуудад ирэх дарамтыг нэмэгдүүлэхийг тайланд онцолсон байна. Ялангуяа Индонез, Лаос, Монгол, Фижи, Папау Шинэ Гвиней улсын нийт гадаад өрийн хэмжээ нэлээдгүй өндөр байгааг анхааруулжээ. 2022 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хүлээлтийг давж, санхүүгийн нөхцөл байдал нь сэргэсэн ч Засгийн газрын өр, төсвийн алдагдал, валютын нөөцийн дарамт макро эдийн засагт сорилт болсон хэвээр байгааг дурдсан байна.

OPEC+ газрын тосны гарцаа өдөрт 1.1 сая баррелиар бууруулахаар шийдвэрлэлээ (Bloombergtv.mn)

OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны гарцаа ирэх сараас өдөрт 1.1 сая баррелиар бууруулах гэнэтийн шийдвэр гаргалаа. Тухайлбал: Саудын Араб улс гарцаа 500 мянган баррелиар бууруулахаар болсон байна. OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн шийдвэр аль хэдийн нийлүүлэлт хумигдмал байгаа зах зээлд сорилт болно гэж шинжээчид анхааруулж байгаа юм. Ялангуяа АНУ-ын Засгийн газар үүнийг оновчгүй шийдвэр гэж үзэж байна. Дээрх шийдвэрийн дараа газрын тосны үнэ Азийн арилжааг сүүлийн нэг жилд байгаагүй өндөр дүнгээр буюу найман хувиар өсжээ. OPEC-ийн шийдвэр газрын тосны үнийг 10 ам.доллароор нэмэгдүүлнэ гэж шинжээчид тооцоолж байна. OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гарцаа бууруулах шийдвэр дэлхийн газрын тосны зах зээлийг донсолгоод байгаа юм. “Australia & New Zealand Banking” группийн таваарын зах зээлийн Ахлах мэргэжилтэн “Газрын тосны үнэ баррель нь энэ онд дахин 100 ам.доллар хүрэх магадлал нэмэгдсэн”-ийг мэдээлжээ. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гэнэтийн интервенц хийхийн өмнө банкны салбарын хямралын улмаас газрын тосны үнэ улирлын дүнгээр 2020 оноос хойших хамгийн огцом уналтыг үзүүлсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *