Гадаад валютын нөөц III сард өмнөх сараас 1.3 хувиар өсөж, $3.43 тэрбум болов
Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээ
2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 672,165,596 төгрөгийн үнийн дүн бүхий 6,199,450 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Улаансан ХК (UNS +15.00%), Женко тур бюро ХК (JTB +13.58%), Монгол савхи ХК (UYN +6.38% ) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Түшиг Уул ХК (TUS -15.00%), Шивээ овоо ХК (SHV -15.00%), Дархан гурил тэжээл ХК (DAR -14.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 80,714 ширхэг нэгж эрх 11,372,971 төгрөгөөр,
-Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,250 ширхэг бондыг 1,024,959,000 төгрөгөөр,
-Багцын арилжаагаар нийт 150,151 ширхэг үнэт цаас 500,002,830 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 2,208,600,397 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -0.47% хувиар буурч, 35634.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,417,823,080,143 төгрөг боллоо.
Гадаад валютын нөөц III сард өмнөх сараас 1.3 хувиар өсөж, $3.43 тэрбум болов (Bloombergtv.mn)
Гадаад валютын албан нөөц гуравдугаар сарын эцсийн байдлаар 3.43 тэрбум ам.доллар болсныг Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх сараас 1.3 хувиар, оны эхэн үеэс 1.1 хувиар, 2022 оны мөн үетэй харьцуулахад 3.6 хувиар нэмэгдсэн байна. Валютын нөөц нэмэгдэхэд хил боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн гэж Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ. Тухайлбал: оны эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон нь сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Засгийн газрын тогтоолын дагуу “Оюутолгой” төслийн валютын орлогыг Төв банканд худалдаж байгаа нь нөөцөд тодорхой дэмжлэг болж байгааг Монголбанк мэдээллээ. Дэлхийн Төв банкнууд хямрал болон эдийн засгийн хүндрэлийн үед валютын нөөц дэх алтны хэмжээгээ нэмэгдүүлж байгаа юм. Монголбанкны хувьд 2022 онд аж ахуйн нэгжүүдээс 22.9 тонн алт худалдан авчээ.
Монголбанк: Инфляц 2023 онд эрэлтийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр буурах төлөвтэй (Bloombergtv.mn)
Инфляц эрэлтийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр 2023 онд өмнөх төсөөллөөс буурахаар байна гэж Монголбанкны инфляцын тайланд онцолсон байна. Хүнсний инфляцын төсөөлөл өмнөхөөс бага зэрэг нэмэгдэж, хүнсний бус инфляцын төсөөлөл буурчээ. Монголбанкнаас гаргасан судалгаагаар 2023 онд инфляц дунджаар 8.1 хувьтай, 2024 онд долоон хувьтай, 2025 онд 6.6 хувьтай байх төлөвтэй гэж үзэж байна. Инфляцын цаашдын төлөвийг гаргахад бодлогын хүүг энэ оны эхний хагаст 13 хувьд хэвээр хадгалах, Төрийн зохицуулалттай барааны үнэ өөрчлөгдөхгүй, хилийн хязгаарлалт тогтоохгүй, АИ-92 шатахууны гэрээний үнэ 2023 онд өөрчлөгдөхгүй гэж үзсэн байна. Гадаад талаас инфляц алгуур буурах, дэлхийн зах зээл дээр хүнсний үнэ болон тээврийн зардал өсөхгүй, алгуур буурна гэсэн төсөөллүүдийг ашигласан болохыг Монголбанк тайландаа дурджээ.Хэдий тийм боловч инфляц нэмэгдэхэд тодорхой бус байдал, эрсдэлүүд байсаар байгааг тайланд багтаасан байна. Ялангуяа төсвийн зардал огцом тэлж байгаа, төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжлэх, хүлээлт зэргээс үүдэн ханш сулрах дарамт нэмэгдэх эрсдэл өндөр гэж үзэж байгаа аж.
Сингапурын банкнууд крипто үйлчлүүлэгчдэд хяналт тавих шинэ систем хөгжүүлнэ (Bloonbergtv.mn)
Сингапурын банкнууд крипто болон дижитал хөрөнгийн салбарын уналтын үед боломжит үйлчлүүлэгчдийг хянах нэгдсэн стандарт тогтоохоор эрх баригчидтай хамтран ажиллаж байна. Банкнууд Төв банк, цагдаагийн байгууллагатай хамтран бүх төрлийн дижитал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд данс нээлгэхэд нь хяналт тавих арга барилыг илүү нарийвчилж байгаа аж. Энэхүү төсөл зургаан сар орчим үргэлжилж байна. Зохих шалгалт, эрсдэлийн менежмент зэрэг дижитал хөрөнгийн салбарын туршлагыг тодорхойлсон тайланг ирэх хоёр сарын дотор нийтлэх аж. Хяналтын хүрээнд “NFT”, тогтвортой койн, тоглоомын кредитийг давхар шалгахыг албаныхан мэдээлжээ. Дижитал хөрөнгийн зах зээлийн савлагааны нөлөөгөөр крипто компаниуд арилжааны банкнуудтай хамтран ажиллах хүндрэлтэй тулгарсаар ирсэн байна. Өнгөрсөн онд “FTX”, “Terraform Labs” зэрэг томоохон компаниуд дампууралд орсон нь банкнуудын болгоомжлолыг улам гүнзгийрүүлжээ. Энэ онд крипто биржүүдэд төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлж байсан “Silvergate Capital” болон “Signature Bank” уналтад орсноор компаниуд шинэ харилцагч банк олохоос өөр аргагүй болсон байна.
БНХАУ-д инфляц саарсан нь эдийн засгийг бодлогоор дэмжих хэрэгтэйг харуулав (Bloombergtv.mn)
Гуравдугаар сард БНХАУ-ын хэрэглээний үнэ болон үйлдвэрлэгчийн үнийн өсөлт саарлаа. Энэ нь эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд төсөв, мөнгөний бодлогын дэмжлэг хэрэгтэйг харуулж байна. Өнгөрсөн сард БНХАУ-д үйлдвэрлэгчийн үнэ 2.5 хувь болж буурсан нь 2020 оны зургаадугаар сараас хойших доод үзүүлэлт боллоо. Энэ нь үйлдвэрлэгчийн үнийн дефляци улам гүнзгийрсний илрэл юм. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээс харахад дэлхийн худалдааны төлөв суларсантай холбоотойгоор гуравдугаар сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн идэвхжил буурчээ. БНХАУ-ын Төв банк энэ онд бодлогын хүүг бууруулахын оронд арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулах замаар зээл олголтыг дэмжиж байгаа аж.