Хотын дарга асан Э.Бат-Үүл нэг иргэнд их хэмжээний газар олгосон байдлаараа “толгой цохиж” байна
Засгийн газраас “Шилэн” ажиллагааны хүрээнд газар олголтын мэдээллийг ил болгож, shilengov.mn сайтад байршууллаа.Эдгээрээс үе үеийн Хотын дарга нарын хамгийн их га газар олгосон онцлох компаниудын талаарх мэдээллийг хүргэж байна.
Э.Бат-Үүл ганцхан иргэнд 9.6 сая гаруй метр талбай газар олгожээ
Э.Бат-Үүл Хотын даргаар 2012-2016 онд ажиллахдаа 38,790,206 м.кв газар олгосноор нийт Засаг дарга нарын хоёрдугаарт жагсаж байна. Тэрбээр иргэн Ц.Алтандуулгад цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 9,600,000 м2 газрыг Баянзүрх дүүрэгт 30 жилийн хугацаатайгаар 2013 онд олгосон нь түүний олгосон газрын хамгийн дээд хэмжээ юм. Үүнийхээ дараагаар 2015 онд иргэн Ц.Алтандуулгад дахин 2523 м2 газрыг үйлчилгээний орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай олгожээ. Хотын дарга нэг иргэнд ямар учраас хэрхэн их хэмжээний газрыг олгосон талаар нээлттэй мэдээлэл алга.
Мөн Багануур үйлдвэрлэл технологийн паркт 4,033,000 м2 газрыг барилгын материал, бордооны үйлдвэр, нүүрс боловсруулах үйлдвэр, ургамлын генефонд биотехнологийн үйлдвэр, хөнгөн хүнсний үйлдвэр гэсэн таван зориултад хуваан 2016 онд 15 жилийн хугацаатайгаар олгожээ.
Тэрбээр 2015 онд хамгийн их буюу 633 газрыг олгожээ. Харин 2012 онд нэг газарт зөвшөөрөл олгосон нь Хүүхдийн төлөө үндэсний газар бөгөөд 420 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар олгосон байна.
Маргаан дагуулсан Монгол наадам цогцолборын газрыг Су.Батболд олгожээ
Харин Сундуйн Батболд 2016-2018 онд Хотын даргаар ажиллахдаа 30,039,482 м.кв газрыг олгожээ. Эдгээрээс хамгийн их га буюу 5,510,000 м.кв газрыг Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-т 2018 онд 15 жилийн хугацаатайгаар олгожээ. Монгол наадам цогцолбор нь 2013 онд байгуулагдсан, Хүй долоо худагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тус газрыг үндэсний спорт, соёл урлаг, Аялал жуулчлалын төв болгох зорилготой ажиллаж байсан билээ. Тухайлбал, 2015 онд “Монгол наадам цогцолбор”-ыг хөгжүүлэх зорилгоор 12,582 га газрыг Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.
Гэвч Засгийн газрын тогтоолоор тусгай хэрэгцээнд авахдаа тухайн орон нутгийн саналыг аваагүйгээс болж, давхардуулан газар олгосон зөрчил зэргийн газрын маргаан үүссэн. Энэ маргаан үндсэндээ гурван жил үргэлжилсэн билээ.
Энэ талаар Монгол наадам цогцолбор”ОНӨТҮГ-ын дарга Д.Хатанбаатар “Нийслэл, аймгийн түвшинд шийдвэрлэхээр ажлын хэсэг гарч 15 удаа хуралдаад, тухайн
орон нутгийн удирдлагуудтай тохиролцож эцсийн байдлаар газрын асуудлаа шийдсэн. Ингээд ИТХ-аар орж батлуулж, БХБЯ-аар дамжуулан Засгийн газрын тогтоолын нэмэлт өөрчлөлтийг хийх гэж байгаа” гэж 2019 онд ярьж байв.
Су.Батболд мод үржүүлэг, эко аялал, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 2,950,000 м2 газрыг “Люксвүүд монголиа” ХХК-д 2017 онд 15 жилийн хугацаатайгаар олгожээ. “Люксвүүд монголиа” компани нь 2012 онд байгуулагдсан агаад Гүйцэтгэх захирлаар нь БНСУ-ын иргэн “Kim Youngnam” ажилладаг. Үйл ажиллагааны чиглэлээ анх барилгын материалын худалдаа,гадаад худалдаа хэмээн тодорхойлж байжээ. Хувь эзэмшигчээр нь Монгол овогтой Хунам бүртгэлтэй байна.Мөн Нийслэлийн орон сууцны корпораци ОНӨААТҮГ-т 2,038,204 м2 газрыг 2017 онд 15 жилийн хугацаатайгаар олгожээ.
Тэрбээр мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулан Баянзүрх дүүрэгт 580 мянган м2, Сонгинохайрхан дүүрэгт 940 мянган м2 нийт 1,520,000 газрыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд 2018 онд олгосон байна.
Ж.Батбаясгалангийн олгосон газрын 80 хувь нь Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн зориулалттай байна
Жанцангийн Батбаясгалан 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд буюу 1.2 жилийн хугацаанд Хотын даргаар ажилласан байдаг. Энэ хугацаандаа Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах зориулалтаар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежемент” ХХК-д 14,920,000 м2 газрыг олгосон нь түүний олгосон нийт газрын 86 хувийг эзэлж байна. Гэхдээ энэ шийдвэр 2020 оны наймдугаар сарын 20-нд буюу түүнийг албан тушаалаа өгснөөс хойш гарчээ.
Дараа нь НЗДТГ-т Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Ус дулаан дамжуулах төв, Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах зориулалтаар 304 мянган м2 газрыг 2020 онд олгосон нь түүний олгосон газрын хэмжээгээр хоёрдугаарт эрэмблэгдэж байна.
С.Амарсайханы хамаарал бүхий компанид Д.Сумъяабазар газар олгожээ
Одоогийн Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Ж.Батбаясгалангийн дараа буюу 2019 оны хоёрдугаар сараас 2020 он хүртэлх нэг жилийн хугацаанд нийслэлийг удирдахдаа 8,948,507 м2 газрыг олгожээ. Ингэхдээ Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨААТҮГ-т үйлдвэрлэл технологийн паркийн үйлдвэрлэл, шилэн кабелийн зориулалтаар 1,770,000 м2 газрыг 2019 онд олгосон нь нэг компанид олгосон хамгийн их га газарт тооцогдож байна.
С.Амарсайханы халааг Д.Сумъяабазар авч 2020 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллахдаа 621 шийдвэрээр 687,779 м2 га газар олгожээ. Үүнээс хамгийн их буюу 67 мянган м2 газрыг “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК -д цэцэрлэгт хүрээлэнгийн
зориулалтаар 2020 онд Хан-Уул дүүрэгт олгожээ. Уншигч таны санаж байгаачлан “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийг С.Амарсайханы хамаарал бүхий “Оюуны ундраа” групп эзэмшдэг хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Тодруулбал, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийг С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат үүсгэн байгуулж, эзэмшиж байгаад Бат-Оршихын Батмагнай, Далайхүүгийн Ганболд нарт шилжүүлсэн. Гэхдээ энэ компани одоог хүртэл дээр дурдсан “ЮКО” ХХК-ийн “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 203-69 тоот” гэх хаяг дээр давхар бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК одоог хүртэл “Оюуны ундраа групп” ХХК-ийн эзэмшилд хэвээр байгаа аж.
Мөн үйлчилгээ, орон сууц, олон давхар авто зогсоол, спорт цогцолборын зориулалттай “Камдер” ХХК-д 50 мянган м2 газар 2020 онд олгосон нь газрын хэмжээгээр хоёрдугаарт бичигджээ.
“Төгс төгөлдөр хангай” ХХК-д үйлчилгээ, орон сууц зориулалтаар 38 мянга м2 газрыг 2020 онд, амины орон сууцны хотхоны зориулалтаар 33 мянган м2 газрыг “Хүүхдийн баянбулаг хотхон” ХХК-д мөн онд олгосон нь Д.Сумъяабазарын олгосон газруудаас метр квадратын хэмжээгээр дээгүүрт орж байна. Ил болгосон мэдээлэлд зөвхөн 2020 он хүртэлх мэдээлэл байгаа учир тэрбээр 2021, 2022, 2023 онд хэдий хэмжээний газрыг ямар зориулалтаар олгосон нь одоогоор тодорхой бус байгаа юм.