Г.Ганбат: Монгол хэл бичгийн шалгалтад 4862 шалгуулагч босго оноондоо хүрээгүй
Өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Ганбат Монгол хэл бичгийн шалгалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “2013 оноос эхлэн ЗГ-ын тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалт заавал авдаг байхаар тогтсон. Энэхүү шалгалтад 400 ба түүнээс дээш оноо авч байж, шалгуулагч дотоодын их дээд сургуульд элсэх боломжтой. Тухайн шалгалт нь эх хэлнийхээ боловсролын хүртээмжийг сайжруулах, дархлааг дэмжих зорилготой. Эх хэлний үндэсний зөвлөлөөс Монгол хэл, бичгийн шалгалтын даалгавруудын агуулга, хэлбэрийг тогтоодог. ЭЕШ-ын тухайд тестийн хэлбэрээр суралцагчдын мэдлэг чадварыг үнэлж, зориулалтын машинаар засаж, оноожуулж дүгнэдэг. Харин монгол хэл бичгийн шалгалтын тухайд суралцагчдын уншиж ойлгох чадвар, зөв бичгийн дүрэм, Монгол бичгээр унших чадвар, эх зохион найруулж бичих гэсэн үндсэн дөрвөн агуулгын хүрээнд мэдлэгийг нь шалгадаг. Засах хэлбэрийн хувьд сурагч нэг бүрийн материалыг гар аргаар нэг бүрчлэн засаж, оноожуулдаг онцлогтой.
Энэ жилийн Монгол хэл, бичгийн шалгалтын найдвартай байдлын коэффициент нь 0.7 хувьтай гарсан. Энэ нь шалгалтын үр дүн бодитой байсан гэдэг утгыг илэрхийлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл 0.5-аас дээш байж шалгалтын үр дүн үнэн зөв, бодитой гарсан гэж үздэг. Уг шалгалтыг авч эхэлсэн цагаас хойш багш, суралцагчдын дунд Монгол хэл, бичиг, уран зохиолын сурлагын амжилт, хичээлд ахиц дэвшил гарч байгаа. Энэ жилийн анхны онооны дундаж нь 50 онооноос улсын дундаж 35 буюу гүйцэтгэлийн хувьд авч үзвэл 70 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулсан Монгол хэл, бичгийн шалгалтад нийт 32533 шалгуулагч бүртгүүлснээс 30879 шалгуулагч хамрагдсан байна. Үүнээс шалгалтад 26017 шалгуулагч тэнцэж, 4 862 шалгуулагч босго оноондоо хүрээгүй. Түүнчлэн улсын хэмжээнд 800 оноо авсан 36 шалгуулагч байна. Өнгөрсөн жилээс эхлэн ЭЕШ-ийг жилдээ хоёр удаа авдаг болсон. Энэ жил зургаадугаар сар болон арванхоёрдугаар сард ЭЕШ-ыг зохион байгуулах учраас Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөв болон арваннэгдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн.
Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог даваагүй ч журамд зааснаар шалгуулагч ЭЕШ-д хамрагдах боломжтой. Төр хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Тэгэхээр Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо авч чадаагүй хүүхэд их дээд, сургуульд элсэх боломжгүй гэсэн үг биш. Тийм учраас босго оноондоо хүрээгүй, шалгалтаас хоцорсон бүртгүүлэгчид, гадаадаас ирсэн иргэдэд боломж олгох үүднээс Монгол хэл, бичгийн шалгалтыг наймдугаар сарын 19-нд зохион байгуулахаар болсон” гэлээ.