Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Хүн амын тооллого дахь хүйс ба сонгуулийн өмнөх хүйс гэх ойлголт байна. Эрэгтэй, эмэгтэйн тухайд л юм. Жэндэр гэхээр энэ нь хүч чадлаар барагтай эмэгтэйчүүдийг лифтээр парламентад зөөх гэж байгаа мэтээр эрэгтэй улстөрчид тохуурхангуй харсаар өнөөдрийг хүрсэн билээ. Яалаа гэж дээ?
Монгол Улсын сонгууль өгөх насны нийт иргэдийн 55 хувь, сонгуульд саналаа өгөгчдийн 66-аас дээш хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа боловч манай УИХ-ын гишүүдийн 17 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. УИХ хэрэв төрийн эрх барих төлөөллийн төв байгууллага мөн л юм бол тэнд эмэгтэйчүүдийн төлөөлөл хүн амд эзэлж буй жинтэйгээ давхцаж гэмээнэ зөв болно.
2020 оны сонгуулийн дүн гарахад 2016-2020 оны УИХ дахь 13 эмэгтэйн “амжилт” тоо ёсоор давтагдсан нь сонин давхцал болсон.
Ингээд манай парламентын 17.1 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг “уламжлал” тогтсон юм. УИХ 13 эмэгтэй гишүүнтэй байгаа нь Азийн бүсийн дундажаас 4.1 хувиар, дэлхийн дундажаас 9.3 хувиар доогуур дүн бөгөөд бид энэ үзүүлэлтээрээ дэлхийн 193 улс орноос 129 дүгээрт л жагсаж байна.
Харин 2024 оны сонгуулиас монгол эмэгтэйчүүдэд улс төрийн сонгуульд хүйсийн төлөөллөө шударга харьцаатай дэвшүүлэх, УИХ-д илүү олон эмэгтэй сонгогдох боломж анх удаа гарч байна. Яг одоо УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд, эрх баригч МАН-аас гадна АН, ХҮН сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 50:50 байх заалтыг дэмжин улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа үйл явц өрнөж буй өдрүүдэд эл нийтлэл бичигдэж байгаа учраас ийм итгэл төрж байна. Харин энэ хүртэл эмэгтэйчүүдийн квот гэдэг үг “жэндэрийн асуудал” болж байлаа. Угтаа жэндэрийн асуудал гэдэг нь аль нэг хүйсийн ч бус, эрэгтэй, эмэгтэй хүйсээс үл хамааран хүйс бүр тэгш байх хүний эрхийн зарчим билээ.
Нам, эвслээс УИХ-д нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь эмэгтэй байхыг 2019 онд хуульчилсан бөгөөд “20 хувиас доошгүй байх” гэдэг квотын түүх Монголын хууль тогтоомжид 2005 онд анх удаа эхлэхдээ 30 хувь байв, гэвч УИХ-ын сонгуульд ганц удаа ч хэрэглэлгүй 2007 онд цуцлагдсан.
УИХ-ын 2008 оны сонгуульд гуравхан эмэгтэй сонгогдож, 1992 оны үзүүлэлт рүү буцсан юм.
Тэр үед эрчүүдийн парламент ёстой “ичсэндээ” л эмэгтэйчүүдийн квотыг 2011 онд дахин гаргаж ирэхдээ “20 хувиас доошгүй байх” заалтыг дэмжиж, нам эсвлүүд УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ жагсаалтад 20 хувийн квотоор эмэгтэйчүүдийг өрсөлдүүлснээр анх удаа 11 эмэгтэй хууль тогтоох байгууллагын босгоор алхаж байв. 2015 онд эмэгтэй дэвшигчдийн квотод нэг алхам урагшлаад нэг алхам хойшилсон тохуутай явдал тохиолдсон нь “30 хувиас доошгүй” гэж хуульд нэгэнтээ зааж үзээд ердөө таван сарын дараа шалавхан авчихсан. Ингээд 2020 оны сонгуулиар 20 хувь эргэн ирж, үүнийг дээд хязгаар мэт хэрэглэж, УИХ-ын сүүлийн хоёр сонгуулиар 13 эмэгтэй гишүүнтэй хоёр парламент бүрдсэн түүхтэй.
Доктор Э.Гэрэлт-Одын хэлснээр, сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцоо тус бүрд давуу, сул талууд байдаг ч УИХ-ын 2012 оны сонгуулийг явуулсан холимог тогтолцоо руу явах нь эмэгтэйчүүдэд хамгийн зөв хувилбар болж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан мажоритар, пропорциональ сонгуулийн хувилбарыг 50:50 хувиар ашиглах холимог систем эмэгтэйчүүд мөн сонгогдох боломж олгохоор байна.
Эмэгтэйчүүд нэр дэвших, сонгогдох магадлалыг хамгийн ихээр шингээсэн хувилбар болох холимог тогтолцоо, тэр дундаа судлаачдын дэвшүүлж буй 50:50 хувилбарт тогтох, чингэхдээ намын жагсаалтад эрэгтэй, эмэгтэй дэвшигчдийг зип буюу цахилгаан товчны жишгээр тэгш хэмтэйгээр дэс дараалан нэрлэх, тойрогт өрсөлдөх дэвшигчдийн 50 хувь нь мөн эмэгтэй байх хууль эрх зүйн шинэчлэлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт доторх хүний эрх, шударга ёсыг хангасан хамгийн сайн тэгшитгэл боллоо.
Б.ЦЭЦЭГ