“Эрүүл парламент бүрдүүлэх нь энэхүү өөрчлөлтийн амин сүнс”
Тэгвэл цаашдаа бидний хийх ёстой, анхаарах ёстой сэдэв юу байх вэ гэвэл хуулийг ерөнхий утгаар харах бус зүйл заалт нэгбүрээр нь илүү нарийвчлан ажиглах явдал юм. Тухайлбал, намын жагсаалт буюу хувь тэнцүүлсэн пропорциональд тавигдах шалгуурыг хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийн байгууллагууд, парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намууд ч анзаарах цаг ирэв. Нийгмийн төлөөллийг квотоор тусгах тухай асуудал хэлэлцүүлгийн түвшинд хамгийн халуун сэдэв болон яригдмаар байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хувилбараар буюу 76:76 хэмээн улс төрийн намуудаас оруулж ирэхдээ нийгмийн төлөөллийн квотыг орхигдуулсан байсныг Ерөнхий сайд олж хараад хууль санаачлагчид буцааж байсныг эргэн санахад гэмгүй. Өөрөөр хэлбэл, жендэрийн харилцаа алдагдсан байлаа. Нөгөө л эмэгтэй нэр дэвшигчдийнх 20 хүртэл хувьтай байна гэсэн ерөнхий заалтаар орж иржээ.
Энэ тохиолдолд тойрог, жагсаалтад намууд зөвхөн 20 хүртэл хэмээгээд хүйсийн тэгш харилцааг тусгасан гэсэн ерөнхий зарчмаар цааш явах байсан алдааг олж харсан хэрэг. Монгол Улс найман удаагийн сонгууль хийхэд эмэгтэй улстөрч 3-13 хүртэл тоогоор сонгогдож байжээ. 2012 оны Сонгуулийн тухай хуулиар квот тогтоосны үр дүнд энэ тоог 13-д хүргэж байлаа. Найман удаагийн сонгуулиар давхардсан тоогоор 620 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгож, давхардсан тоогоор 65 эмэгтэй улстөрч сонгогдож байв. 30 жилийн хугацаанд шүү дээ. Гэтэл эмэгтэйчүүд нь нийт хүн амын 52 хувийг бүрдүүлж буй. Өнгөрсөн хугацаанд 20 хувиар тогтоосон квотдоо ч хүрч байгаагүй гэсэн үг. Хүйсийн тэгш харилцаа ингэж алдагдсан байхад нийгмийн бүх төлөөллийг хамруулах эсэх нь цаасан дээр яригддаг уриа, лоозон төдий байсаар 30 жил өнгөрсөнтэй эвлэрэхээс өөр яалтай.
Гэхдээ энэ удаа “буянаараа болог” хэмээн орхиж боломгүй. Дахиад хэдэн жилийн дараа энэ боломж бидэнд олдох вэ гэдгийг сайтар тунгаах цаг болжээ, монголчууд аа. “Залуусыг түүхий байна, боловсроогүй байна гэж ялгадаг. Эмэгтэйчүүд төр удирдах хэмжээнд бэлтгэгдээгүй гэх муйхар сүсгээр хардаг. Мөнгөтэй л биш бол улс төрд орж чадахгүй гэх нийгмийн бусад төлөөллийн өөртөө үл итгэх байдал” гэх мэт хэвшмэл болон хэвшмэл бус ойлголтуудаас шалтгаалан улс төр бол мөнгөтэй, эрх мэдэлтэй, бүлэглэлтэй эрчүүдийн тоглоом, тэдний тулааны талбар хэмээн сэтгэж болохгүй. Ийм ойлголтыг засахгүй бол дараагийн 20-30 жилд ч даргын хүүхдийн давуу байдал, кастын систем, сангийн булхай луйвраа ярьсаар суух билээ. Нийгмийн шаардлага, хүн ёсны тухай яриад ч хэрэггүй. Тиймээс энэ боломжийг маш овжиноор шүүрэн авч, намын жагсаалтад нийгмийн бүх төлөөллийг багтаах зарчмын асуудлыг шаардах нь зүйн хэрэг болоод байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ч нийгмийн бүх төлөөллийг багтаасан, эрүүл парламент бүрдүүлэх нь энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс байна хэмээн мэдэгдсэн. Тиймдээ ч УИХ-ын дарга амлалтдаа хүрэхээр хичээж буй нь талархууштай.