“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таниулах зорилгоор “Бэлэн бай” аян зохион байгуулж буй. Энэ хүрээнд Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа, мөн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн зүүн өмнөд бүсэд газар хүчтэй хөдөлж, олон хүний амь эрсдэж, барилга байшин нурж их хэмжээний хохирол учирсан үед Монголын баг гамшгийн бүсэд ажилласан юм. Гамшгийн үеийн нөхцөл байдал, учирсан хохирол, аврах ажиллагааг харуулсан энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 23, 24-нд буюу хоёр өдөр үргэлжлэх юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Нийслэлийн хэмжээнд 29 мянга гаруй барилга байшин бий. 2003 оноос өмнө баригдсан 10 мянга орчим барилгын хувьд газар хөдлөлтийг тэсвэрлэх нь муу, хүчитгэх шаардлагатай байна. Түүнээс хойш, тэр тусмаа 2013 оноос хойш баригдсан барилгууд найман баллын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй гэсэн үнэлгээ гарсан. Газар хөдлөлтийг тэсвэрлэх чадамж нь тодорхойгүй байгаа барилгуудад үнэлгээ хийж, паспортжуулах ажлыг нийслэлээс зохион байгуулж буй. Тухайлбал, 1000 орчим барилгад үнэлгээ хийхэд 300 орчим нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн барилгын хийц, хэлбэр, заслыг өөрчилсөн 7000 гаруй барилгад дахин үнэлгээ хийх ёстой. Тухайлбал, барилгын нэг давхрын хийц, хэлбэрийг дур мэдэн өөрчилсөн тохиолдол олон. Үүнд хяналт шалгалт хийж, эргүүлэн хүчитгэнэ. Харин ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нурааж, дахин төлөвлөөд шинээр барьж байна хэмээлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:

-Газар хөдлөлтийн гамшгийг урьдчилан мэдэх боломжгүй. Тэгэхээр үүнд бэлэн байх, өөрсдийгөө хамгаалах, эрсдэлээс сэргийлэх нь маш чухал. Гамшиг тохиолдсон үед аврах ажиллагааг хэрхэн явуулахаас эхлээд хамгийн жижиг алхмуудыг ч тооцох, нөөц боломжийг тооцоолох, авах арга хэмжээ, хийх ажлыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээллийг өгөхөөр “Бэлэн бай” аяныг зохион байгуулж буй гэсэн юм.

itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг:

-Газар хөдлөлтийн аюул, үүний улмаас учирч болох гамшгийг хүмүүс төдийлэн нухацтай хүлээж авдаггүй, тэр тусмаа сошиал орчинд тоглоом наргиан болгоод өнгөрөх нь бий. Гэтэл бодит нөхцөл байдал өөр. Тэнд хүний амь эрсдэж, эд хөрөнгө сүйрч, их хэмжээний хохирол учирдаг. Үүнийг Туркт тохиолдсон гамшгийн үеэр авсан 66 гэрэл зургаар дамжуулан харуулахыг хүссэн гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *