Богдхан уул, Туул голын эрэг дагуух газрыг тохижуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт Богдхан уул, Туул голын эрэг орчмоор хийх тохижилтын ажилтай танилцлаа.

Тодруулбал, Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршлыг тохижуулах юм. Ингэхдээ зуны улиралд хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгожээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршлыг тохижуулсан. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17,8 км дугуйн зам хийж байгаа”-г танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Шуурхай ажиллаж, хурдан төлөвлөж, богино хугацаанд зохион байгуул. Даваа гаргаас ажилдаа ор” хэмээлээ. Туул голын эрэг дагуух тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөг, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ. БОАЖЯ-ны зөвшөөрлөөр газар олгосон байсныг хүчингүй болгуулж, тохижуулахаар болсон газар ч байгаа аж. Хотын дарга мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжийг судлахаас гадна эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй байх стандартад анхаарахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд үүрэг болголоо.

Үүний дараа Хотын дарга Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгтэй танилцав. Тус газар нь “Энигма” ХХК-ийн мэдэлд байдаг ч тохижуулаагүй өнөөг хүрснийг холбогдох албаныхан анхааралдаа авч, шаардлагатай бол Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахыг даалгасан юм. Мөн “БОАЖЯ болон компанид мэдэгдэл хүргүүлж, арга хэмжээ ав, шаардлагатай бол Засгийн газар, УИХ-аар оруул” гэжээ.

Түүнчлэн Богдхан уулын Баруун ширээт рүү гарах замд тав, Зүүн ширээт рүү гарах замд зургаан амралтын цэг байгуулахаар төлөвлөжээ. Амралтын талбайг ч мөн тохижуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Явган замыг байгалийн материал ашиглаж хийнэ. Гэхдээ бүх газар зам тавихгүй. Халтиргаа, гулгаа үүсдэг гол хэсэгт чулуу, модоор зам хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна. Нэгдсэн хогийн цэг ч байгуулна” гэхэд Хотын дарга “Тохижилтыг модоор, байгалийн шийдлээр нь хий. Өнгө үзэмжтэй, эко байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хүрээнд чанартай тохижуулахад анхаараарай” хэмээлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *