Х.Нямбаатар: “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд Монгол Улсад авч ирэх хүний тоо 127 болж нэмэгдсэн
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Анх “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд 92 хүнийг Монгол Улсад авч ирнэ гэсэн мэдээллийг өгч байсан. Энэ тоо өсөж 127 болсон. Эдгээр хүмүүсийг эрэн сурвалжлах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар Интерполын Улаан буланд зар мэдээгээр 22, Хөх буланд зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжлуулж байгаа. Энэ сарын 3-ны байдлаар Улаан буланд зарлуулсан гурав, Хөх буланд зарлуулсан 42, нийт 45 хүнийг олж тогтоосон. Үүнээс Монголд авч ирсэн таван хүн байгаа. Хэргээ шийдвэрлүүлэхээр сайн дураараа ирсэн 12 хүн бий. Нэмээд 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.Авч ирсэн болон өөрөө сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвийнх нь хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Мөн дөрвийг нь шүүхэд шилжүүлсэн” гэв.
Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс 25-ынх байгаа газар тогтоогджээ. Тодруулбал, Казахстанд гурав, Турк улсад дөрөв, БНСУ-д зургаа, АНУ-д нэг, Австралид нэг, Францад нэг, Испанид нэг, Беларусьд нэг, Хонконгод хоёр, Японд нэг, Швейцарт нэг, Шведэд нэг, Малайзад нэг, Киргизэд нэг байна. Эдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож холбогдох газруудад хүргүүлжээ.