|

Сургуулийн хүүхдийн таргалалт 6.7 дахин нэмэгджээ

Сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалж байгаа хямд үнэтэй, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр авч байна. Судалгаагаар хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, бялуу, чихрийг өдөр бүр хэрэглэдэг нь тогтоогджээ.

Бага насны хүүхдийн бичил тэжээлийн дутлыг бууруулах гол арга нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох. Гэвч хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт жил ирэх тусам буурч, нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаан сардаа эхийн сүүгээр дагнан хооллож байна гэсэн судалгаа байдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Энэ сарын 6-нд болсон “Хүүхдийн хоол” үндэсний чуулганы үеэр эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Хүүхдийн хоол – Эрүүл мэнд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд А, Д аминдэм, төмөр, цайр, селен, иод эмгэг зэрэг бичил бодисын дутал дорвитой буурахгүй байгаа бол нийт хүүхдийн 2.8 хувь нь туранхай, 7.3 хувь өсөлтийн хоцролттой.

Харин илүүдэл жин ба таргалалтын тархалт 6.7 дахин нэмэгдэж, 28.6 хувьд хүрсэн нь анхаарал татсан асуудлын нэг болжээ. Энэ нь давс, сахар, өөх тосны агууламж ихтэй, шим тэжээл багатай хагас болон бүтэн боловсруулсан хүнсний хэрэглээтэй шууд холбоотой.
Тийм учраас “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам”-ыг батлан хэрэгжүүлж байна.

Хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх, хянахад чиглэсэн тусгайлсан бодлого, хөтөлбөр байхгүй учраас хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, аминдэм, эрдэс бодисоор  бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг хангахад шаардлагатай зардлыг улсын төсөвт жил бүр тусгах шаардлагатай.

Хүнсний хууль эрх зүйн хорооны стандартыг нутагшуулах, илчлэг, транс тос, чихэр, давсны агууламж өндөр хүнс, чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдааг татварын бодлогоор хязгаарлах, эрүүл мэндэд эрсдэлтэй хүнсний зар  сурталчилгааг хориглох, эрүүл, зөв хооллох дадлыг хүн ам, олон нийтэд төлөвшүүлэх болон хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр холбогдох салбарын ажлын уялдаа холбоо, хамтын  ажиллагааг сайжруулах хэрэгтэй”-г дурдав.

Чуулганаар манай улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад сурч, хүмүүжиж буй 1.2 сая орчим хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал эрүүл мэнд, хоол хүнсний хангамж, шим тэжээлийн асуудлыг хэлэлцсэн юм.

Эх сурвалж: ЭМЯ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *