10 мянган суугчтай “Алтай” хотхон нэг ч сургууль, цэцэрлэггүй
Сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлөхийг шаардаж “Алтай” хотхоны оршин суугчид өнөөдөр жагсаал зохион байгууллаа.
10 мянга гаруй оршин суугчтай энэ хотхонд одоог хүртэл улсын сургууль, цэцэрлэг бариагүй. Сургууль барих талбай дээр “Тайгам Алтай” ХХК өөр зориулалтын барилга, байгууламж барих гэж байгааг оршин суугчид хэлж байв.
“Алтай” хотхоны оршин суугчид “Манай хотхонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд бий. Гэвч одоог хүртэл хотхон дотроо сургууль, цэцэрлэггүй хэвээр. Хүүхдүүд сургуульдаа явахын тулд маш их эрсдэлтэй тулгардаг. Тэдний амь насанд ч эрсдэл учрах аюул байгаа.”Алтай” хотхоны хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь бүрэн хаагдаад байна. “Тайгам Алтай” компани олон барилга, байшин барьсан мөртлөө нэг ч сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй” гэв.