50 байршилд төлбөртэй зогсоол шинээр байгуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой зам, талбайн байршлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар мэдээлэв.
Тэрбээр “Ажлын хэсэг байгуулагдан 50 байршлыг төлбөртэй зогсоол болгохоор сонгон шалгаруулалт зарласан. Маргааш буюу зургаадугаар сарын 14-нд материал ирүүлэх сүүлийн хугацаа.Ажлын хэсэг төвийн зургаан дүүргийн автомат хаалттай зогсоолын судалгааг гаргасан. Нийт 482 автомат хаалттай зогсоол байгаагаас газар эзэмших зөвшөөрөлтэй 186, зөвшөөрөлгүй 296 байна. Үүнээс дийлэнх нь орон сууцны хороолол дунд авто замын зорчих хэсэгт автомат хаалт байршуулсан байна” гэв.