“Алтай судлалыг хэл шинжлэлийн хүрээнд авч үзэх нь өрөөсгөл”
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүмүүнлэг, бизнесийн удирдлагын сургуулийн захирал А.Энхбат “Aлтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгийг чиглүүлэв. Олон Улсын Түрэг судлалын академийн ерөнхийлөгч, Түүхийн ухааны доктор, профессор Шахин Мустафаев хоёрдугаар хэсгийн үндсэн илтгэлийг танилцууллаа. Алтай дамнасан судалгаануудын олон улсын үзэл, ойлголтын талаар хэлэлцүүлгийн энэ хэсэгт ярилцана гэдгийг тэрбээр онцлоод “Алтай судлалыг дан ганц хэл шинжлэлийн хүрээнд авч үзэх нь өрөөсгөл бөгөөд Түрэг, Монгол, Манж, Тунгус үндэстнүүдийг олон талаас нь судалдаг, судалгааны олон талт арга барил хэрэгтэй” гэв.
Газар зүйн хувьд Алтайн нуруу нь Хятад, Монгол, Казахстан, Оросын нутаг дэвсгэрт хамаардаг. Өөрөөр хэлбэл, Алтай нь соёл, шашин, нийгмийн янз бүрийн өөрчлөлттэй бүс нутаг учраас нийгмийн шинжлэх ухааны бүх салбаруудын судалгааны олон төрлийн арга зүйгээр судлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа түүхийн ухааны доктор, профессор Шахин Мустафаев илтгэлийнхээ үеэр хэлсэн.
Энэхүү арга хэмжээг Алтай хэлний бүлэгт хамааруулан үздэг үндэстэн угсаатнуудын хэл, түүх, соёл иргэншлийн харьцааг судалдаг олон улсын эрдэмтдийг эгнээндээ багтаасан Олон улсын Алтай судлалын байнгын хурал (PIAC) дэмжин ажиллаж байгааг тэрбээр тэмдэглэн хэлсэн.
Олон улсын Алтай судлалын байнгын хурал энэ оны долдугаар сарын 30-ны өдрөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд Астана хотод болох бөгөөд энэхүү чуулга уулзалт нь дээрх хурлын дэмжигчдийн нэг болж байгаад таатай байгаагаа илэрхийлж байлаа. Профессор Шахин Мустафаев, Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны талаар мөн танилцууллаа. Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академи 2014 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд тэр цагаас хойш Шивээт улааны цогцолбор, Хөшөө Цайдам, Номгон зэрэг бүс нутагт хамтарсан хээрийн шинжилгээний анги гаргажээ.
Эдгээр хээрийн шинжилгээний ангиуд шинжлэх ухааны хэд хэдэн томоохон нээлт хийж, тун амжилттай хамтын ажиллагаа өрнүүлсэн болохыг дурдав. Өнгөрсөн онд буюу 2022 онд Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтарсан судалгаагаар Архангай аймгийн Хашаат сумын Номгон гэдэг газраас Түрэгийн Кутлуг хааны тахилын онгон, хөшөө чулууны бичээс буюу нэн ховор олдворыг нээснийг дурдаад тус олдворын судалгааны үр дүнг дэлгэрэнгүй танилцуулав.
Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр Олон улсын Түрэг судлалын академи нь Монгол Улс, Түрэгийн ертөнцийг холбох оюун санааны гүүр байх эрхэм зорилготойг тэмдэглээд, Монгол Улсын эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагаатай байдгаа дурдлаа.
Монгол Улсыг Олон улсын Түрэг судлалын академийн ажиглагч орон болох боломжтой гэдгийг Профессор Шахин Мустафаев хэлээд, ийм статустай байх нь Монгол Улсын Түрэгий ертөнцтэй харилцах харилцаанд шинэ түлхэц болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.