“Алтайн нуруу нь нэг чулуу нь хөдлөх төдийд л түүх, нууцаа дэлгэдэг”
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болж байна.Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүмүүнлэг, бизнесийн удирдлагын сургуулийн захирал А.Энхбат “Aлтай судлалын олон улсын чиг хандлага” салбар хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсгийг чиглүүлэв.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Астанагийн олон улсын их сургуулийн Нийгэм, боловсролын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, түүхийн ухааны доктор Аслан Турлубек илтгэл танилцуулав.Хүн төрөлхтний түүхэн дэх төрт улсуудын өлгий, өнөөдрийн тусгаар тогтносон маш олон улс орнуудын түүхэн хамаардаг Алтай судлалын олон улсын эрдэмтэд, судлаачдыг цуглуулсан энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдад тэрбээр талархал илэрхийллээ.
Тэрбээр “Нэг чулуу нь хөдлөх төдийд л түүх, нууцаа дэлгэх Алтай нуруу нь Казахстан, Орос, Хятад, Монгол улсыг дамнан оршдог. Эдгээр улс орны түүх, соёл нэг угшилтай төдийгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн алтан өлгий” гэв.
Алтай судлалын судалгааны талбар, цар хүрээний талаар танилцуулж, Казахтаны Алтайд байх алдартай Берелийн булш, алтан бүрээстэй морьд, Есикээс олдсон алтан хувцастай олдворууд, тэдгээрийн хамаарлын талаарх судалгааны талаар илтгэлдээ танилцууллаа. Мөн тус улсын сүүлийн үеийн архелогийн олдворууд, тэдгээрийг шинжлэн судалсны үр дүнд хийж буй нээлтүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.