Зайсангийн шинэ гүүрээр 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болно
Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Хуучин гүүрний баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрний барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор хоёроос арваннэгдүгээр тулгуурын ажил бүрэн дуусжээ. 24 метр урттай, хүчитгэсэн 40 дам нурууг тавьж, дөрвөөс аравдугаар тулгуурын дам нурууг байрлуулж байна.
Энэ талаар “ЗМЗ” ХХК-ийн ерөнхий инженер Т.Баярмаа “Зайсангийн шинэ, хуучин хоёр гүүрний бүтээн байгуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна. Шинэ гүүрний ажлын явц 85 хувьтай байгаа. Дулаан, бохирын шугамын асуудал шийдэгдээд бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх арванхоёрдугаар сард хөдөлгөөнийг нээнэ” гэв.
Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах аж.