Солонгосын хилээр нэвтэрч чадаагүй иргэдэд зориулан анхааруулах зөвлөмж гаргажээ
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлаас манай улсын зарим иргэдийг хилээр нэвтрүүлээгүй асуудлаар Цагаачлалын албанаас тодрууллаа.
Хилийн шалган нэвтрүүлэх байцаагчид тэдгээр иргэнтэй нэг бүрчлэн ганцаарчилсан уулзалт хийдэг юм байна. Тухайн иргэн нь Солонгос Улсад байрлах хаяг, аяллын зорилгоо /Зочид буудал, гэрийн хаяг гэх мэт/ товч тодорхой үнэн зөв мэдүүлж чаддаггүйгээс үүдэн хилээр нэвтрүүлэхээс татгалзах тохиолдол нэмэгдэж байгаа аж.
Мөн өмнө нь БНСУ-д оршин суух хугацаандаа визийн хугацаа хэтрүүлэх болон бусад зөрчил гаргаж байсан иргэдийг хил дээрээс буцаах явдал гарч байна. Тухайлбал, БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тавдугаар сарын байдлаар Монгол Улсын 55329 иргэн тус улсад оршин сууж байгаагаас 17749 иргэн буюу 32 хувь нь визийн хугацаа, нөхцөлийг зөрчин оршин сууж байна. Түүнчлэн, өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх манай иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа аж.
Тиймээс Бүгд Найрамдах Солонгос улсын виз мэдүүлэх болон тус улс руу зорчиж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмж, мэдээллийг өгч байна. Үүнд:
- БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэн нэн тэргүүнд өөрийн зорилгод нийцсэн ангиллын визийг мэдүүлэх, баримт бичгийн бүрдлийг үнэн зөв, сайтар хангаж, зорчих зорилгоо бүрэн тодорхойлох шаардлагатай /Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ-ны https://overseas.mofa.go.kr/mn-mn/wpge/m_276/contents.doцахим хуудаснаас авна уу/.
2. Виз мэдүүлж байгаа иргэний гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садан нь БНСУ-д визийн хугацаа хэтрүүлж оршин сууж байгаа эсхүл оршин сууж байсан, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдолд виз мэдүүлэгчид виз олгохоос татгалзах магадлалтайг анхаарна уу.
3. Зохих ангиллын виз авч БНСУ-руу зорчиж буй иргэд өөрийн аяллын зорилгыг нотлох баримт бичиг, тус улсад байх хугацаандаа байрлах газар, зочид буудлын баталгаажсан захиалга, хаягийг сайтар бэлтгэн биедээ авч явахыг анхаарна уу. Виз мэдүүлэх үедээ өгсөн мэдээллээ өөрчлөх, очоод байрлах хаягаа тодорхой хэлж чадахгүй байх, аяллын зорилгоо тодорхойлж, нотолж чадахгүй зэрэг нь БНСУ-ын хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.
4. БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш бөгөөд аливаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх алба, Цагаачлалын алба нь гадаадын иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх эсэх асуудлыг газар дээр нь буюу хилийн шалган нэвтрүүлэх цэгт шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Өөрийн улсын дотоодын хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй энэхүү ажиллагаанд аливаа гадаад улсын төрийн байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох боломжгүй.