Замаас гарсан 10 вагоны нэг нь хоосон, гурав нь нүүрс, зургаа нь жонш ачсан байжээ
Замын-Үүд чиглэлд ачаа тээвэрлэж явсан вагон замаас гарсан осол өчигдөр гарчээ.
Энэ талаар “УБТЗ” ХНН-ээс тодруулахад “Зургаадугаар сарын 15-ны 15:50 цагийн орчимд Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын овоо зөрлөгийн 1093-р километрийн хоёрдугаар зуутад замаас гарсан.Замаас гарсан 10 вагоны нэг нь хоосон, гурав нь нүүрс, зургаа нь жонш ачсан байна. Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23:25 цагт галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна. Сэргээн босгох ажил үргэлжилж байна” гэв.