Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн талаар намуудын төлөөлөл юу хэлэв?

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан улс төрийн намуудын төлөөлөл үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх

-Улс төрийн намууд Сонгуулийн ерөнхий хорооноос маш их хамааралтай байхаар хуулийн төсөлд тусгасныг эргэж харах, намыг цомхон болгоё гэсэн мөртөө намын байгууллагын харьяа гээд олон байгууллага байгуулахаар тусгасан нь өрөөсгөл байна. Хуулийн төслийн наймдугаар бүлгийн тавдугаар зүйлд “Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана” гэж заасан атлаа “эрэгтэй” гэж заагаагүй байна.

ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг

-Сонгуулийн саналын хуудаст улс төрийн намуудыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичдэг тогтолцоог халах хэрэгтэй.Сонгуулийн зорилгоор эвсэл байгуулж ороод тарах тохиолдлыг хуулиар зохицуулж өгөх, улс төрийн намуудын төлөвшил, хяналт, хариуцлагыг сайжруулаад ил тод байдлыг бий болгоё гэж байгаа бол намын дэргэд байгуулдаг янз бүрийн холбоод түүгээрээ дамжуулж санхүүжилт авдаг, тэр нь ил тод биш байдаг байдлыг хаах ёстой.Улс төрийн намуудыг гарааны тэгш байдал үүсгэх, мөнгөний нөлөөллийг багасгах заалт зохицуулалтууд орсон хэдий ч шууд бус дэмжлэг гэдэгт Үндэсний олон нийтийн радио, телевизээр жилд гучхан минутын үнэ төлбөргүй нэвтрүүлэгт орно гэдэг нь бага байна.

Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл

-Нам бол иргэдийн эрх дээр байгуулагддаг, эвлэлдэн нэгдэх эрхийн субъект. Энэхүү эрхийн субъектийг төрийн албаны чиг үүрэгтэй болгох гээд байгааг хасах, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдэд заавал хуулиар шийтгэл ногдуулах шаардлагагүй. Намыг идэвхгүйд тооцох гэдэг зүйлийг тэр чигээр нь хасах хэрэгтэй.

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын дарга Б.Жагар

-Бусад намдаа улс төрийн боломж олгож нэг гараанаас эхлэх зохицуулалт тусгамаар байна.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэгт  улс төрийн 30 нам оролцож, 21 нам хуулийн төсөлд санал өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *