Айлчлал: “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Тус айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын “Оросын төмөр замууд” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзан, хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцаж, тодорхой шийдвэрүүдэд хүрчээ.
Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт “Өнгөрсөн онтой харьцуулахад ачаа тээвэр 26 хувиар, транзит тээвэр 50 хувиар нэмэгдсэн. Цаашид зүтгүүрийн тоог нэмбэл тээвэрлэлт өсөх боломжтой. 2023 онд 36 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Түүнээс гадна “Улаанбаатар төмөр зам”-ын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалинг нэмэх зорилт тавьж байна. Сүүлийн жилүүдэд ард иргэдийн орлого буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. УИХ-аас цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэх шийдвэр гаргасан. Төмөр замын салбарт олон өрсөлдөгч компаниуд байгуулагдсан. Тэдгээр компаниудын цалин “Улаанбаатар төмөр зам”-аас өндөр тул боловсон хүчнээ алдах явдал их гарч байна” гэсэн байна.
Мөн Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Богдхан төмөр зам” төслийн техник, эдийн засгийн үзүүлэлт /ТЭЗҮ/, төмөр замын дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх асуудлаар талууд санал солилцжээ.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 16000 орчим ажилтантай бөгөөд тус уулзалтын үеэр өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээ, байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тогтжээ.
Мөн УИХ-аас баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” -ын зорилтуудтай уялдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг 2050 он хүртэл хөгжүүлэх стратегийг боловсруулах, Орос-Монгол, Хятад-Монголын хооронд хил дамнуулан солилцох галт тэрэгний тоог өнөөдрийн түвшнөөс бууруулахгүй байх, цаашид нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх талаар ярилцсан байна.
Түүнчлэн “Богдхан төмөр зам” төслийн ТЭЗҮ-г яаралтай боловсруулж дуусган, хэрэгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх, “Зүүн босоо тэнхлэг”-ийн төмөр замын барилгын ажил эхлээд буйтай холбогдуулан Эрээнцав-Чойбалсан хэсэглэлийн төмөр замын шинэчлэлийг эхлүүлэх, Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замд их засвар хийж, экспорт, импорт, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр тогтжээ.
Транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг бууруулах асуудлыг судалж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувь нийлүүлэгчдэд тодорхой шийдэл танилцуулах, Орос-Монгол-Хятад гурван улсыг дамнасан эдийн засгийн коридор байгуулах төслийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам”-ын тээх, нэвтрүүлэх ачааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр талууд тохирчээ.
Уулзалтын төгсгөлд хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашиг, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллана гэдгээ талууд илэрхийлсэн байна.