Мэдээ | Нийгэм | Онцлох мэдээ
Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, хөдөлгөөн хязгаарлана
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2023 оны зургаадугаар сарын 26-ний 21 цагийн үед Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй, үжил халдвар оноштой өвчтөн иржээ. Тухайн өвчтнийг тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэж, аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, сэжигтэй тохиолдол илэрсэн сум болон аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарлах шийдвэрийг тус аймгийн онцгой комиссоос гаргажээ.
Хөл хорио тогтоосон хугацаанд
- Аймгийн төвөөс гарах бүх хөдөлгөөнийг 2023 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 02:00 цагаас зургаан хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
- Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 2023 оны 06 дугаар сарын 27-ны 01:00 цагаас орох гарах хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай бүрэн хязгаарлах
- Согтууруулах ундаагаар үйлчлэх худалдах үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 27-ны 02:00 цагаас зургаан хоног түр хориглох
- Өвчтөний 1, 2 дугаар хавьтлыг яаралтай олж тогтоон тусгаарлаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бугат сумын Эрүүл Мэндийн Төвд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, хавьтлын ул мөрийг нягтлан, эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох сумын Онцгой комисс, эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга удирдлагуудад өгч ажиллах үүрэг өгсөн байна.
Одоогоор сэжигтэй тохиолдол батлагдаагүй бөгөөд бие нь хүнд байгаа хүн байхгүй аж.