Н.Алтанхуяг: Төлөвлөлтөө сайжруулахгүй бол 720 тэрбум төгрөгөөр ч түгжрэлийг шийдэхгүй
“Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийн хүрэнд Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцсон асуудлыг батлах эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үзэл бодлоо илэрхийлэхдээ, хэрэв бид энэ зээлийг авбал 1 тэрбум 200 орчим сая ам.долларын зээлийг гадаадаас авах нь. 100 сая ам.доллароор хэдэн замууд янзална гэж байна. Зээл авч болно. Гэхдээ энэ 100 сая ам.доллароор юм босохгүй. Үе үеийн нийслэлийн Засаг даргын буруу бодлогын улмаас өдий хэмжээнд хүрсэн. Газар чөлөөлнө гэх юм харин эхлээд төлөвлөлтөө сайжруул. Баахан айл буулгачихаад зам тавина гэх юм. Зээлээр авах гэж байгаа 100 сая ам.долларыг үрэн таран хийнэ. 100 сая ам.долларын зээл авч, 420 тэрбум төгрөгийн төсөв нийт 720 тэрбум төгрөгөөр түгжрэл шийдэхгүй гэлээ.
“Улаанбаатар хотын тогтвортой автозам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ.
Төслийг санхүүжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай бөгөөд үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.