Морин хуурын музейг байртай болгох аянд хоёр хоногийн хугацаанд 10 сая төгрөг цугларчээ
“Жонон хар” морин хуурын музей өнөөдрийг хүртэл тогтсон байргүй, түрээсийн байр дамжин үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Яг одоо тус музей үйл ажиллагаа явуулж буй байрныхаа урьдчилгаа болох 50 сая төгрөгийг долдугаар сарын 30-ны дотор төлөхгүй бол энэ байрнаасаа хөөгдөж, 400 гаруй морин хуурын үнэт үзмэрийг хадгалах газаргүй болох эрсдэл үүсээд байгаа билээ.
Ийн Морин хуурын музейн үүсгэн байгуулагч, морин хуур урлаач Б.Сүхбаатар тус музейг байртай болгох хандивын аяныг зарлаж, өв соёлоо хамгаалан үлдэх үйлсэд нэгдэхийг ард түмэндээ уриалаад байна.
Тэгвэл өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд 10 сая төгрөг цугларч, малчид морь бэлэглэжээ. Хэрэв та морин хуурын музейг байртай болгох аянд нэгдэхийг хүсвэл данс нь 5024514491 Б. Сүхбаатар /Хаан банк/ юм байна.
Мөн долдугаар сарын 02-ны өдөр 18:00 цагаас “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” Ардын урлагийн тоглолтын тасалбарыг худалдан авч, дэмжлэг үзүүлэх боломжтой. Тус тоглолтын орлого Морин хуурын музейг байртай болгоход 100 хувь зарцуулагдах юм.