Нийгмийн салбарын нэгдсэн өдөрлөгийн үеэр зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломжтой

Нийслэлээс нийгмийн салбарт баримталж буй бодлого чиглэлийг танилцуулах, тус салбарын агентлаг, харьяа газруудын мэдээллийг иргэд, олон нийтэд нэг дороос хүргэх зорилгоор “Хүний хөгжил-Нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. НЗДТГ-аас санаачилсан тус өдөрлөгт Нийслэлийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын газар, Улаанбаатар театр, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан зэрэг 20 байгууллага оролцож, мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэж байгаа юм.

Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар амны хөндийн үзлэг хийн, мэдрэл, хараа шалгаж, эрүүл зөв хооллолт болон эрт илрүүлгийн талаар зөвлөгөө өгч байна. Харин Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэж буй иргэдэд зөвлөгөө өгөх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цахимаар авах хүсэлт илгээх талаар мэдээлэл хүргэж буй юм. Мөн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл өгч, гадаад улсаас шилжин суралцаж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх үйлчилгээ үзүүлж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн нийгмийн салбарын бүх байгууллага тус өдөрлөгт оролцож буйгаараа онцлог. Иргэд мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэсэн үг. Төрийн байгууллагууд иргэдтэй ойр байж, мэдээлэл, үйлчилгээгээ хурдан шуурхай хүргэх хэрэгтэй. Иргэд хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл авахаас гадна өргөдөл гомдол хүргүүлж, шийдвэрлүүлэх, нийслэлд хэрэгжиж буй нийгмийн салбарын төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой” гэлээ.

Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын маркетингийн ажилтан А.Алтаншагай “Манай хамт олон “Дэлхийн мод” синтез жүжгийг тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 10-ныг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд толилуулахаар бэлтгэж байгаа. Тиймээс өнөөдрийн өдөрлөгт тус жүжгийн талаар хүүхэд залуус, эцэг эхчүүдэд танилцуулж байна. “Дэлхийн мод” жүжиг нь дуу, бүжиг, хөгжим, жүжиг, цирк хосолсноороо онцлог” хэмээв.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Бид эцэг эхийн оролцоог дэмжсэн, “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяныг эхлүүлсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд “Байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй байна” хэмээн заасан байдаг. Уг заалтыг иргэдэд сурталчлан таниулах үүднээс QR  хэлбэрээр мэдээлэл түгээж байна. Мөн байгууллага бүрд тав хоногийн турш идэвхжүүлэлтийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөгийн санаачилгаар нийслэлийн их, дээд сургуулийн оюутан, залуустай цуврал уулзалт хийсэн. Уг уулзалтын гол зорилго бол оюутан, залуусын нийгмийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх байсан. Тэр ч утгаараа эхнээсээ үр дүнгээ өгч, анагаахын чиглэлээр суралцдаг оюутнууд зорилтот 1000 өрхөд зөвлөгөө өгөн, үзлэг хийхээр болсон” гэв.

Тус өдөрлөг өнөөдөр, маргааш буюу дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *