СУРВАЛЖИЛГА: “COVID-19”-өөр хөнгөн өвдсөн иргэний эмчилгээний зардал 1 сая төгрөгт ч ХҮРЭХГҮЙ байна

Манай улсад коронавируст халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хоёр хоногийн өмнө 2021.04.06 хамгийн их буюу 831 бүртгэгдсэн бол өчигдөр 575 тохиолдол бүртгэгдсэн. Мөн сүүлийн 4 хоногт коронавирусийн улмаас 8 хүн амиа алдаад байна.

Халдварын шинж тэмдэг илрээгүй, хөнгөн туссан иргэдийг гэрт тусгаарлаж  байгаа  бол хүндэвтэр болон хүнд хэлбэрээр туссан иргэдтийг эмнэлэгт эмчилж буй. Нэг өвчтөний эмчилгээний зардал дунджаар 4.3 сая төгрөг гэж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд батлагдсан.

Үүнээс өмнө ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүү “Нэг хүнийг эмчлэхэд 7-9 сая төгрөг зарцуулдаг” гэж мэдээлж байв. Халдвар авсан иргэдийн эмчилгээний зардлын мөнгөн дүнд олон нийт эргэлзэж, хардлага дагуулж байгаа нь үнэн.

Тиймээс ivoice.mn Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлагдсан 4.3 сая төгрөгт ямар эм, эмчилгээ, үйлчилгээ багтаж байгааг сурвалжиллаа. 

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр нэг өвчтөнд зарцуулж буй 4.3  сая төгрөгөнд эм, эмчилгээний зардал, тоног төхөөрөмжийн өртөг, хоол, эмнэлгийн ажилтны хувцас, хэрэглэл зэрэг багтдаг аж.  Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Маш хүнд нэг өвчтөнийг уушги орлуулах ECМО аппаратад таван удаа оруулахад өртөг бараг 10 сая төгрөг болно. Тэгвэл хөнгөн нэг өвчтөнд нэг сая төгрөгийн эмчилгээний зардал гарч болно. Тухайн хүний биеийн байдлаас хамаарч харилцан адилгүй” гэж мэдээлсэн.

Тэгвэл бид тоног төхөөрөмж, хоол хүнс, ажилчдын нэг удаагийн хувцас хэрэгслийг тооцож чадахгүй, зөвхөн эмийн үнийг тооцоолж чадахаар байна.

Тусгаарлалтад байгаа иргэний мэдээлж буйгаар  “Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүст Витамин-С 1000 мг, Витамин-Д 2000мг, өглөө Мана-4, орой Норов-7 тан өдөрт нэгийг уухаар өгч байгаа аж. Харин толгой өвдөх, халуурах шинж тэмдэг илэрвэл Ибупрофен, цэртэй ханиалгаж буй үед флемоксин-солютаб гэх антибиотик өгдөг гэнэ.

Харин хүүхдүүдэд Витамин-С 1000мг, Витамин-Д 1000 мг өгч байгаа. Тусгаарлалтад 7 хоноход нэг ч удаа шинжилгээ аваагүй, 2 удаа цээж дурандсан. Мөн өдөрт 5 удаа хөнгөн хоол болон хөнгөн зууш өгдөг. Өглөө 08 цагт каш, 11цагт талх, хөнгөн зууш, 13 цагт 1 болон 2-р хоол, 19 цагт 1, 2-р хоолны аль нэгийг өгдөг” гэсэнг мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл эмнэлэгт 14 хоног тусгаарлагдана гэж үзээд эм, тан тус бүрийн үнийг 14 ширхэгээр тооцон бодож үзье.

Витамин-С 1000мг: 1 ширхэг нь 400 төгрөг х14= 5600 төгрөг

Витамин-Д 2000мг: 1 ширхэг нь 500 төгрөг х14= 7000 төгрөг

Ибупрофен: 1ширхэг нь 400төгрөг х14= 5600 төгрөг

Мана-4 1 ширхэг нь 390 төгрөг х14= 5460 төгрөг

Норов-7 1 ширхэг нь 450 төгрөг х 14= 6300 төгрөг

14 хоногийн хугацаанд нэг хүний уух нийт эм бэлдмэлийн үнэ 29960 төгрөг болж байна.

Үүнээс үзэхэд хөнгөн хэлбэрээр халдварласан иргэдэд 29960 төгрөгийн өртөг бүхий эм бэлдмэлийн дээр цээжний зураг авахаар өөр тоног төхөөрөмж ашигладаггүй байна. Үүн дээр нэмээд хоол, ажилчдын хувцас хэрэглэлийг тооцоход хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдийн эмчилгээнд  1 сая хүрэхгүй төгрөг зарцуулдаг гэж үзэж болохоор.

 

Б.БАЙГАЛЬ

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments