“Монголын Эдийн засгийн форум-2023” үргэлжилнэ

“Монголын эдийн засгийн чуулган-2023” -ын хүрээнд JP Morgan, CITI, Goldman Sachs, Morgan Stanley зэрэг дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид тэргүүтэй 500 гаруй гадаадын хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирээд байна.

2022 онд Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр өмнөх оноос 18 байр урагшилж, 193 орноос 74-т эрэмбэлэгдээд байна.

Нэгдүгээрт, Монгол Улс нийгэм, эдийн засгийн хүнд цаг үед улс орноо удирдан чиглүүлэх алсын хараатай юу? Хоёрт, энэ бүхнийг урагшлуулах төрийн чадамж бий юү? Гуравт, улс төрийн засаглалын хувьд тогтвортой байж чаддаг уу?

Монгол Улсыг сурталчилж, хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засагт голлох салбарынхны дуу хоолойг хүргэж, хамтын зөвшилцөл бий болгох зорилгоор зохион байгуулдаг “Монголын эдийн засгийн чуулган” долоодугаар сарын 9, 10-ны өдрүүдэд үргэлжилж байна. 2010 оноос эхлэн жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж буй Эдийн засгийн чуулган энэ жил “Welcome to Mongolia” уриан дор өрнөхийн зэрэгцээ өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд буюу гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын нийт 2200 орчим зочид, төлөөлөгчийг урьж оролцуулж буйгаараа онцлог.

зураг

Тэр дундаа, JP Morgan, CITI, Goldman Sachs, Morgan Stanley зэрэг дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид болон “Рио Тинто” -ийн ТУЗ -ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд хүрэлцэн ирсэн нь дотоодын хөрөнгө оруулалтын орчны хувьд эерэг мэдээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг албан ёсоор нээж үг хэлэхдээ “Цар тахлын үеэр манай улсын эдийн засаг 4.7 хувийн уналттай байсан бол 2022 онд 4.8 хувь, энэ оны эхний улирлын байдлаар 7.9 хувь болж өссөнөөр ДНБ -ий хэмжээ анх удаа 5000 ам.долларт хүрээд байна.

Аливаа улс орон зөвхөн дангаар бус бие биеэ харилцан дэмжиж, боломжоо хуваалцах замаар хөгжих ёстой гэдгийг цар тахал бидэнд ойлгууллаа” хэмээн онцлоод уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний экспорт голлосон эдийн засагтай Монгол Улсын хувьд дэвшилтэт технологи, инновацад тулгуурласан ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн УИХ -ын хаврын чуулганаар парламентын төлөөллийн чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор сонгуулийн холимог тогтолцоотой болох нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгаж чадсан нь манай улсын төрийн бодлого илүү тогтвортой, залгамж чанартай болж, хөрөнгө оруулалтын орчин цоо шинэ төвшинд гарах эрх зүйн суурь реформ болж чадсан хэмээн дүгнэж байна.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг  бүрэн төлж, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалан хариуцлагатай ажиллаж буйгаа олон улсын түвшинд илэрхийлж чадсаныг ч тэрбээр тэмдэглэж байв. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалт хумигдаад байсан Монгол Улсын хувьд таатай мэдээ. Түүнчлэн манай улс экспортын нэг төмөр замтай байсан бол “Боомтын сэргэлт” зорилтынхоо хүрээнд БНХАУ -ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан экспортын дөрвөн шинэ гарцыг ашиглалтад оруулж буй. Үүний үр дүнд, экспортын орлого 13 тэрбум ам.долларт хүрсэн байна.

зураг

Үүгээр зогсохгүй Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” -ын хүрээнд Оюу толгойн гүний уурхайг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан нь манай улс зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэхэд голлох нөлөөг үзүүлжээ. Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших гадаадын хамгийн том хөрөнгө оруулалтад зүй ёсоор тооцогддог Оюу толгой төсөл өнгөрсөн хугацаанд дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татаж ирсэн нь дотоодын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлсээр байна.

Тухайлбал, Оюу толгой төслийн хүрээнд зөвхөн 2010-2022 оны хооронд гэхэд л 34 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, дотоодын эдийн засагт шингэснээс гадна улсын төсөвт нийт 8.8 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн болон 20 мянган ажлын байр бий болгосон зэрэг тоог цухас дурдахад л хангалттай юм. Цаашид Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжсэнээр энэхүү өсөлтийн буухиа үргэлжилж, уул уурхай болон тээврийн салбар эдийн засгийн нийт өсөлтийн гуравны нэг орчмыг бүрдүүлэх төлөвтэй. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын зүгээс Эдийн засгийн чуулганы үеэр зэс боловсруулах, цахилгаан автомашины үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал солилцоно гэдгээ мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тэр дундаа, махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарыг хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулагчидтай хамтрах ажиллах сонирхолтой байгаа. Тиймээс “Монголын эдийн засгийн чуулган-2023” -ын хүрээнд “Монголын тогтвортой хөгжлийн бодлого”, “Монголын эдийн засаг ба тогтвортой хөгжил” тэргүүтэй нэгдсэн хуралдаанаас гадна  “Шинэ үйлдвэрлэл – Хүнсний үйлдвэр”, “Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт”, “Шинэ боломж – Аялал жуулчлал”, “Цахим хөгжил ба цахим эдийн засаг” зэрэг салбар хуралдааныг мөн зохион байгуулсан юм.

зураг

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого” нэгдсэн хуралдааны үеэр “Рио Тинто” группийн ТУЗ -ийн гишүүн, Оксфордын их сургуулийн Дэлхийн эдийн засгийн засаглалын хөтөлбөрийг үндэслэгч, профессор Нгейр Вүүдс “Дэлхийд хурдтай хөгжиж буй жижиг эдийн засагтай улс орон бүр томоохон сорилтуудтай нүүр тулж байна. Тэдгээр сорилтын дийлэнх нь тухайн улс орноос хамааралтай гэхээс илүү олон улсын санхүүгийн систем, валютын зах зээл, геополитикийн асуудал зэрэг гадаад хүчин зүйлээс илүүтэй хамаарч байна” гээд хүрэлцэн ирсэн гадаадын хөрөнгө оруулагчдаас дараах гурван асуултыг асуусан юм.

“Нэгдүгээрт, Монгол Улс нийгэм, эдийн засгийн хүнд цаг үед улс орноо удирдан чиглүүлэх алсын хараатай юу? Хоёрт, энэ бүхнийг урагшлуулах төрийн чадамж бий юү? Гуравт, улс төрийн засаглалын хувьд тогтвортой байж чаддаг уу?”. Профессор Нгейр Вүүдсийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа -2050” хөтөлбөр дээрх асуултуудад хариулт болж чадах бөгөөд манай улсын хөгжил дэвшилд тэмүүлж буйн тод илэрхийлэл хэмээн үзэж буйгаа онцолсон юм. Тэрбээр “Рио Тинто Монгол” компанид ажиллаж буй хүмүүсийн 99 хувийг монголчууд, 60 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буйг дурдаад Монгол Улс дээрх алсын хараандаа хүрч, ахиц дэвшилтэй ажиллахад олон төрлийн ур чадвартай эдгээр боловсон хүчин эергээр нөлөөлж чадна хэмээн тодотгосон билээ.

Харин авлигатай тэмцэх цогц хөтөлбөрийг зарлаж, төрийн мэдээллийг ил тод болгож, төрийн хүнд суртлыг бууруулах зорилготой ажиллаж буй Монгол Улсын Засгийн газрын хувьд “Алсын хараа – 2050” зорилтын хүрээнд хамгийн амжилттай хэрэгжсэн ажлын нэг нь төрийн 71 байгууллагын 839 үйлчилгээг цахимжуулсан “E-Mongolia” платформ. Үүний үр дүнд, 2022 онд манай улс Цахим засаглалын хөгжлийн индексээр өмнөх оноос 18 байр урагшилж, 193 орноос 74-т эрэмбэлэгдээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *