ТОЙМ: Уяачдын наадамд Төв, Орхон аймгийн уяачдын хурдан хүлгүүд илүүрхлээ
Хүй долоон худагт уяачдын наадмын хүрээнд долдугаар сарын 13-нд морьдын уралдаан болсон.Энэ уралдааны айргийн таван морьдын мэдээллийг багцлан хүргэж байна.
Эрлийз дээд насанд Төв аймгийн уяачид түрүү, аман хүзүү хүртэв
Хурдан морьдын уралдааны эрлийз дээд насанд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна. Уралдаанд нийт 87 эрлийз дээд насны морьд бүртгүүлснээс 71 нь гарааны зурхайгаас хөдөлжээ.
Төв аймгийн Алтанбулаг сумын харьяа Дугаржавын Ганзоригийн 8 дугаартай буган халтар (унаач: Баянмөнхийн Ган-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй) түрүүллээ. Харин Төв аймгийн Алтанбулаг сумын харьяа САУ Гансүхийн Хадбаатарын 167 дугаартай бор халзан (унаач: Цэцгээгийн Дөлгөөн, 10 настай, эрэгтэй) аман хүзүүнд оров.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяа МУАУ Сэрээтэрийн Баярсайханы 1004 дугаартай бор дором (унаач: Нямдоржийн Билэгсайхан, 11 настай, эрэгтэй) айргийн гуравт орсон бол Хэнтий аймгийн Хэрлэн сумын уяач Жавын Бэгзийн 507 дугаартай хээр (унаач: Бадарчины Отгонбаяр, 11 настай, эрэгтэй) айргийн дөрөвт орлоо.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяа ААУ Чулуунбатын Батжаргалын 555 дугаартай элбэг хээр (унаач: Цэнгэлийн Болд-Эрдэнэ, 11 настай, эрэгтэй) айргийн тавт оров.
Сонгомол бага насанд Сэлэнгийн уяач Ч.Тамирын хээр морь түрүүллээ
Хурдан морьдын уралдааны сонгомол бага насанд түрүүлж, айрагдсан морьдын жагсаалтыг танилцуулж байна.Уралдаанд нийт сонгомол бага насны 114 морь бүртгүүлснээс 108 нь гарааны зурхайгаас хөдөлжээ.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Чулуундаваагийн Тамирын 772 дугаартай хээр (унаач:Батбаярын Хонгор, 12 настай, эрэгтэй) түрүүллээ. Харин Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Лхагвын Даваанямын 44 дугаартай хээр (унаач: Цэнгэлийн Болд-Эрдэнэ, 11 настай, эрэгтэй) аман хүзүүнд оров.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Чулууны Ганцогтын 552 дугаартай хонгор (унаач: Эрдэнэболдын Нямбаяр, 10 настай, эрэгтэй) айргийн гуравт орлоо.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн 557 дугаартай сартай хүрэн (унаач: Гансүхийн Содбилэг, 9 настай, эрэгтэй) айргийн дөрөвт орсон бол Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Давааноровын Ганбаатарын 1036 дугаартай хүрэн халзан (унаач: Шаравжамцын Тэмүүлэн, 11 настай, эрэгтэй) айргийн тавт оров.