ЭЕРЭГ: Монгол Улс ФАТФ-ын Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Ази, Номхон далайн анхны орон боллоо

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 26 дахь удаагийн жилийн хурал Канад Улсын Ванкувер хотод долдугаар сарын 9-14-ний өдрүүдэд болж буй.

Тус хуралд Монгол Улсын Явцын тайланг хэлэлцүүлж хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Терроризмтой тэмцэх үндэсний зөвлөлийн ажлын алба, Татварын ерөнхий газрын төлөөллүүд оролцож байна.

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс долдугаар сарын 13-ны өдөр ФАТФ-ын 40 Зөвлөмжийн ашгийн бус байгууллагатай холбоотой “Зөвлөмж 8”-ын техник хэрэгжилттэй холбоотой Монгол Улсын Явцын тайланг хэлэлцэж баталлаа.

ФАТФ-ын “Зөвлөмж 8”-д заасны дагуу ашгийн бус байгууллагыг терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдэлээс урьдчилан сэргийлж, холбогдох шаардлагыг хангаж ажиллах үүргийг гишүүн орнууд хүлээдэг. Тус хурлаар өмнө нь “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан “Зөвлөмж 8”-ыг “бүрэн хэрэгжүүлсэн” болгож техник хэрэгжилтийн үнэлгээг амжилттай ахиулсан байна.

Ийнхүү “Зөвлөмж 8”-ын үнэлгээг ахиулснаар Монгол Улс ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээтэй Ази, Номхон далайн орнуудаас анхны орон (Зөвлөмж 15-ыг шинэчилсэн үнэлгээгээр), дэлхийн улсуудаас тав дахь орон боллоо.

Монгол Улсын хувьд ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн хангасан үнэлгээ авсан нь Монгол Улсын эрх зүйн орчныг бий болгон холбогдох шаардлагыг хууль тогтоомжид тусгаж, зохицуулалтыг боловсронгуй болгосныг олон улсаас баталгаажуулж буй явдал юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *