Өглөө ЭРТ БОСОХ ёстой арван шалтгаан
Өглөө эрт босож сурснаар бидний амьдралд маш олон өөрчлөлт гардаг. Өөртөө зарцуулах илүү их цагтай болохоос гадна амьдралын хэв маяг ч эрүүл болж эхэлдэг аж. Тиймээс та бүхэнд өглөө эрт босох ёстой арван шалтгааныг танилцуулъя.
ИЛҮҮ ИХ ЧӨЛӨӨТ ЦАГТАЙ БОЛНО
Заавал ажил, хичээлдээ явах цагаа тулгахгүйгээр эрт босоод сурчихвал өглөөний цайгаа яаралгүй ууж, бүгдийг тайван амжуулах боломжтой. Түүнчлэн, амралтын өдрүүдэд ч эрт босож чадвал тухайн өдөр хийхээр төлөвлөсөн ажлаа эрт амжуулж, үдээс хойш өөртөө цаг гаргаж чадна шүү дээ.
ДАСГАЛ ХИЙХ ЗАВ ГАРНА
Зарим хүмүүс ажил ихтэй, завгүй гэдэг шалтгаанаар дасгал хийх боломжгүй байдаг. Гэхдээ эрт босоод сурчихвал энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой.
ТҮГЖРЭХГҮЙ
Өглөө эрт босоод ажил, хичээлдээ явчихдаг хүмүүс түгжрэлд үнэт цагаа зарцуулдаггүй. Гэхдээ ихэнх хүмүүс цагийг нь тулгаж явдаг учраас зам дээр түгжирсээр стресстэж өглөөг таагүй эхлүүлэх тохиолдол бий.
ЭРҮҮЛ АРЬС
Эрүүл арьсны нууц нь сайн унтаж амрах явдал. Гэсэн хэдий ч энэ нь хэдэн цаг ч хамаагүй унтах ёстой гэсэн үг биш. Харин эрт орондоо орж, унтах ёстой цагтаа унтаж, өглөө эрт босохыг хэлж байгаа юм.
НҮДНИЙ ЭРГЭН ТОЙРОНД ХАР ХҮРЭЭ ҮҮСЭХГҮЙ
Дутуу нойртой хонох, стресстэх, дааврын өөрчлөлт зэрэг олон шалтгаанаар нүдний доод зовхи хавагнадаг. Улмаар нүдний доор хар хүрээ үүсдэг бөгөөд энэ нь бидний харагдах байдалд ч таагүй нөлөө үзүүлдэг. Харин үүнээс сэргийлье гэвэл орой эрт унтаж, өглөө эрт сэрэх хэрэгтэй.
ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА ТАЙВАН УУЖ ЧАДНА
Бараг ихэнх хүмүүс өглөө эрт босож чадаагүйгээсээ болж өглөөний цайгаа яарч уух, зарим нь бүр уухгүй ч гарах тохиолдол бий. Тухайн өдрийн эрч хүчээ авах цаашлаад эрүүл мэндээ дэмжих хамгийн чухал зүйл бол өглөөний цайгаа уух юм шүү. Тиймээс өглөө эрт босож чадвал өөртөө эрүүл өглөөний цай бэлдэж, үүнийгээ яарч сандралгүй идэх боломжтой.
ОЛОН ЗҮЙЛ АМЖУУЛАХ БОЛОМЖТОЙ
Хэн нэг хүнээс “хоногийн 24 цаг ч хангалтгүй байна” гэж сонсож байсан уу? Магадгүй заримдаа танд ч ингэж санагддаг байж мэдэх юм. Энэ асуудлыг шийдэх арга нь ердөө л ЭРТ БОСОХ шүү дээ. Хэрвээ та 09:00 цагт босдог бол одооноос 06:00 цагт босоод сурчихвал танд өдөр бүр 3 цаг амрах, өөр ажлаа амжуулах боломж олдоно шүү дээ.
АНХААРАЛ ТӨВЛӨРӨХ ЧАДВАР НЭМЭГДЭНЭ
Бид өглөө орноосоо босох үед тархи нойрноосоо бүрэн сэрж амжаагүй байдаг. Тиймээс бид сэрснийхээ дараа хэсэг хугацаанд нойрмоглодог аж. Тархины энэ нойрмог байдал нь бараг л цаг орчим үргэлжилдэг болохоор ажлаа хийх, хичээл дээр анхааралтай суух зэрэгт нөлөөлдөг. Тийм учраас эрт босвол тархиа ч сэрээж, тухайн өдрөө анхааралтай байхад тус болно хэмээн Healthline эрүүл мэндийн сайтаас онцолжээ.
ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛНО
Хүн унтах ёстой цагтаа унтахгүй сэрүүн байх, хэдхэн цаг унтах зэрэг нь олон өвчний суурь шалтгаан болдог. Иймээс хоногт 7-9 цагийг унтаж байхыг зөвлөе. Ингэснээр өглөөг эрч хүчтэй эхлүүлж, стрессээс ангид байх боломжтой.
САЙН УНТАЖ АМАРНА
Өглөө эрт босох юм чинь яаж сайн унтсан болох юм бэ! гэж гайхаж байна уу?
Эрдэмтэн Hiroki Ikeda болон Mitsuo Hayashi нар хамтран эрт босдог хүмүүсийн унтах цаг болон нойрны чанарыг судалжээ. Тус судалгаагаар, эртэч хүмүүс ихэвчлэн эрт орондоо орж хамгийн зөв цагт унтдаг бөгөөд оройтож унтдаг хүмүүстэй харьцуулахад хамаагүй бөх унтдаг гэдэг нь тогтоогджээ.
Эх сурвалж: yolo.mn