Автомашины осол гаргасан Шинэ Зеландын Хууль зүйн сайд Кири Аллан огцорчээ
Шинэ Зеландын Хууль зүйн сайд Кири Аллан автомашины осол гаргасны улмаас шалгагдаж байгаатай холбогдуулан огцорсон гэж тус улсын Ерөнхий сайд Крис Хипкинс мэдэгдэв.
Тодруулбал, ням гарагийн орой Кири Аллан Шинэ Зеландын нийслэл Вэллингтон хотод машинтайгаа явж байгаад хүний машин мөргөж осол гаргажээ. Цагдаагаас түүнийг шалгахад согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Мөн тэрбээр цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцжээ.
Болсон хэргийн талаар Кири Аллан “Өөрийн биеийн байдалд нэн тэргүүнд санаа зовниж байна. Хувийн олон асуудал овоорсны улмаас осол гаргачихлаа. Хувийн асуудлаа сайдын ажилтай хамт даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч өчигдрийн болсон явдлын дараа ингэж чадахгүйгээ ухаарлаа. Өөрийнхөө болон хамтран зүтгэгчдийнхээ урмыг хугаллаа. Сайдын албан тушаалыг гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна” хэмээн ярьжээ.
Ийн тэрбээр огцрох хүсэлтээ өөрөө өгчээ.
Эх сурвалж:CNN