Хүчдэл сэргээх боломжгүй, цахилгааны щит усанд автсан 14 байр байна
Нийслэлд энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 55 дэд өртөө, 15052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсан.
Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар дээрх хэрэглэгчдээс 14331-ийнх нь хэрэглээг сэргээсэн байна.
Энэ цагийн байдлаар хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой орон сууцны 14 байрны 721 хэрэглэгч байна.
Үлдсэн байршлуудад усаа шавхаж дуусвал цахилгаан эрчим хүчинд холбоход бэлэн байдлыг ханган ажиллаж байна хэмээн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээлэв.